Дэлхий

Төв Азийн мөсөн голоор тэжээгддэг голуудын сав газарт агаарын хэм зууны эцэс гэхэд эрс нэмэгдэнэ гэж АХБ анхааруулжээ

Мөсөн гол хайлснаар мөсөн нуур цөмрөх, шавар чулуун урсгал үүсэх эрсдэл ч нэмэгдэнэ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Энэ зууны эцэс гэхэд агаарын хэм 3-5 градусаар нэмэгдэх нь мөсөн гол хайлахыг хурдасгаж, Төв болон Баруун Азийн голын сав газрын усны нөөцийг өөрчилж, хөдөө аж ахуй, эрчим хүч, хүн амд нэмэлт эрсдэл учруулна гэж Азийн хөгжлийн банкны судалгаанд дурдсаныг Интерфакс агентлаг мэдээлжээ.

Мөсөн голоос тэжээгддэг Кура, Нарын, Пяндж, Сват гэсэн дөрвөн голын сав газрыг хамарсан судалгаанд 40 жилийн цаг уурын мэдээлэлд шинжилгээ хийж, 2035, 2055, 2085, 2100 оны уур амьсгалын таамаглал боловсруулжээ.

Судалгаагаар 1981-2020 онд бүс нутгийн агаарын хэм арван жил тутам дунджаар 0.4 орчим градусаар нэмэгдсэн бөгөөд хамгийн эрчимтэй дулаарал баруун бүс нутаг болон Кавказад ажиглагдсан байна.

Зуны хэм өсөхийн хэрээр ган гачгийн эрсдэл, усны хэрэгцээ нэмэгдэж, мөсөн голын урсац багасах тусам усны нийт нөөц урт хугацаанд буурна.

Тажикистан, Афганистан, Туркменистаныг хамарсан Памирын Пяндж голын сав газарт 4 мянга орчим хавтгай дөрвөлжин километр мөсөн гол бий. Банкны таамаглалаар, 2085 он гэхэд энд өвлийн хэм 5 орчим градусаар, хавар зуны хэм 4-5 градусаар нэмэгдэж, өвлийн хур тунадас 50 хувь хүртэл өсөх бол зуных 30 орчим хувиар буурч болзошгүй.

Банк уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болохын тулд усан сан барьж, шинэчлэх, усалгааны сүлжээг сайжруулах, дусал болон бороожуулах усалгаа нэвтрүүлэх, гандуу тэсвэртэй сорт ашиглахыг зөвлөж байна.

Бусад мэдээ