Тусгай прокурор цэргийн байдал зарласан хэргээр хуучин Ерөнхийлөгч Юн Сок Ёльд цаазаар авах ял оноохыг дахин хүсчээ
Доод шатны шүүх Юн Сок Ёльд бослого зохион байгуулсан хэргээр бүх насаар нь хорих ял оноосон юм.

Тусгай прокурорын баг пүрэв гарагт Өмнөд Солонгосын хуучин Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн цэргийн байдал зарлах гэж бүтэлгүйтсэнтэй холбоотой бослогын хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд түүнд цаазаар авах ял оноохыг хүсчээ. Энэ тухай Ёнхап агентлаг мэдээлэв.
Тусгай прокурор Чо Ын Сөгийн баг Сөүлийн Дээд шүүхийн хуралдаанд ийм ял хүссэн нь доод шатны шүүх 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн байдал зарласан хэргээр Юн Сок Ёлийг бүх насаар нь хорих ял оноосноос хойш найман сарын дараа болжээ.
«Цаазаар авах ял оноохоос эргэлзэх шалтгаан байхгүй. Цаазаар авах ялыг эсэргүүцэх хамгийн хүчтэй үндэслэл бол алдаатай шийдвэр гарах магадлал боловч энэ хэрэгт ийм боломж байхгүй» гэж тусгай прокурорын багийн гишүүн хэлжээ.
Юн Сок Ёль төрийн эсрэг хүчнийг устгах зорилготой гэж цэргийн байдал зарласан ч зургаан цагийн дараа Үндэсний ассамблей санал хураалтаар цуцалсан юм. Энэ хугацаанд Үндэсний ассамблейн хашаанд цэрэг илгээсэн нь парламентыг саажилтад оруулж, гол улс төрчдийг баривчлах оролдлого байсан гэж доод шатны шүүх хоёрдугаар сард дүгнэжээ.
Бослогын толгойлогчоор буруутгагдаж буй Юн Сок Ёль сөрөг хүчний хяналтад буй парламент засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг удаа дараа огцруулж, улсын төсвийг танах гэж оролдсоны улмаас цэргийн байдлыг сэрэмжлүүлэг болгон зарласан гэж мэдүүлсээр байна.
Тусгай прокурорын баг доод шатны шүүхийн бүх насаар нь хорих ял хэт зөөлөн бөгөөд цаазын ялыг гүйцэтгэдэггүй практик нь ийм ял оноохгүй байх шалтгаан байж болохгүй гэж үзжээ. Өмнөд Солонгост 1997 оны арванхоёрдугаар сараас хойш цаазын ял гүйцэтгээгүй тул Эмнести Интернэшнл тус улсыг практикт цаазын ялыг халсан орон гэж ангилдаг.
Эрүүгийн хуулиар бослогын толгойлогчид зөвхөн цаазаар авах, бүх насаар нь хорих, эсвэл хөдөлмөрлөх үүрэггүйгээр бүх насаар нь хорих ял оноож болно. Сөүлийн Дээд шүүх ял оноох өдрийг тогтоохоос өмнө дахин хоёр хуралдаан хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Юн Сок Ёль ирэх пүрэв гарагт эцсийн үгээ хэлэх юм.



