Дэлхий

Украины агаарын түгшүүрийн аппликейшн хакердуулсан бололтой, хэрэглэгчдэд цацрагийн хуурамч дохио иржээ

Киевт химийн халдлага, гудамжны тулаан болж байна гэсэн мессежүүд ч дараалан ирсэн байна.

BBC News1 мин унших

Зураг: BBC News

Украины агаарын түгшүүрийн аппликейшн ням гарагт хакердуулсан бололтой, нийслэл Киевт цацрагийн аюул тулгарлаа гэсэн дохиог богино хугацаанд өгсөн тухай тус улсын Агаарын цэргийн хүчний мэдэгдлийг иш татан Би Би Си мэдээлжээ.

Агаарын цэргийн хүчин Телеграм дахь мэдэгдэлдээ «Цацрагийн аюул байхгүй!» гэж онцолж, иргэдийг тайван байхыг уриалжээ. Украины Төв тагнуулын газар аппликейшнд доголдол гарсныг мэдэгдэж, агаарын цохилтын мэдээллийг өөр эх сурвалжаас тодруулахыг зөвлөсөн байна.

Мессежүүд 22:47 орчимд буюу Гринвичийн цагаар 20:47-д эхэлжээ. Эхнийх нь Киевт цацрагийн аюул зарласан тухай байв. Орос хэлээр 22:48-д ирсэн дараагийн мессежид Украин даяар цөмийн түгшүүр зарлагдах ч санаа зовох хэрэггүй, Орешник нисэж байна гэж бичжээ.

Киевт химийн халдлагын аюул байгаа тул гадагш бүү гар гэсэн анхааруулга 22:49-д ирж, мөн тэр минутад гудамжны тулаан болж байна гэсэн мессеж хүрчээ.

Дараа нь дохио тус бүрийг цуцалсан мессежүүд хэрэглэгчдийн утсанд ирсэн байна.

Энэ аппликейшний улмаас Львов мужийн чанга яригчдаар цацрагийн аюулын дохио дуугарсан ч бодит аюул байхгүйг Төв тагнуулын газар тусад нь мэдэгджээ. Винница мужийн захирагч Наталья Заболотна кибер халдлага болсныг мэдээлж, мессеж дэх холбоосыг дарахгүй байхыг анхааруулжээ.

Аппликейшнийг Украины Дижитал шилжилтийн яам дэмждэг бөгөөд хамгаалалтын дохио эхэлж, дуусахыг хэрэглэгчдэд шууд мэдэгддэг.

Бусад мэдээ