Оросын Калининград дахь аварга радар НАТО-г түгшээж байна
Шинжээчдийн үзэж байгаагаар 3,000 километрийн тусгалтай радар Европын бараг бүх хэсгийг ажиглах боломжтой болно.

Оросын цэрэгжсэн Калининград мужид асар том радарын цогцолборын барилгын ажил бараг дуусч байна гэж мэдээлэлд дурдсан тухай Дойче Велле мэдээлжээ.
Орос уг байгууламжийг барьж байгаагаа батлаагүй ч Литвийн тэтгэвэрт гарсан командлагч Вайдотас Малинионисын хэлснээр Гвардейск орчмын радар 3,000 орчим километрийн тусгалтай байж, Москвад Европын бараг бүх хэсэг, Украиныг бүхэлд нь ажиглах боломж олгох юм. Цогцолборын гурван салаа тус бүр 500 гаруй метр урт аж.
«Энэ радарын зорилго бол алсын байг ажиглаж, эрт анхааруулах явдал» гэж Малинионис хэлэв.
Британийн Таймс сонин Финланд-Польшийн Айсай компанийг иш татан уг систем голчлон цахилгаан дохиог илрүүлэх, саатуулах зориулалттай гэж мэдээлжээ.
Латвийн шинжээч Евия Джатковица радар нь намхан нисдэг зүйлсийг илрүүлэх цоорхойг хааж, нисгэгчгүй онгоцны үр нөлөөг бууруулна гэж анхааруулсан байна.
Калининград Польш, Литвийн дунд оршдог, баруунаас зүүн тийш 200, хойноос урагш 100 километр үргэлжилдэг. Малинионисын хэлснээр зарим эх сурвалжаар тэнд 100 хүртэлх цөмийн цэнэг байрлуулах боломжтой ч энэ нь батлагдаагүй юм.
Радар асар том тул амархан бай болно гэж Малинионис нэмж хэлжээ. Германы Райнметалл компани Айсайтай хамтран бүтээж буй радарын хиймэл дагуулуудаа 2027 оны эхээр хөөргөхөөр төлөвлөж байгаа юм.



