Унгарт авлигын хэргийн мөрдөн шалгалтаар газарт булсан, нуусан 20 сая шахам еврогийн бэлэн мөнгө илрүүлжээ
Мөнгийг 12 ажилтан найман цаг тоолжээ.

Унгарын эрх баригчид сайд асан холбогдсон хээл хахуулийн хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд ойд булсан, агуулах, орон сууцанд нуусан, өндөр үнэтэй сейфэнд хадгалсан 20 сая шахам еврогийн бэлэн мөнгө илрүүлжээ.
Мөнгийг сайд асан Миклош Сестак хээл хахууль авсан гэх хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд Пүрэв, Баасан гарагт хийсэн нэгжлэгийн үеэр олжээ. Сестак Ерөнхий сайд асан Виктор Орбаны засгийн газарт ажиллаж байжээ. Цагдан хоригдож буй Сестак гэм буруугаа үгүйсгэж байна.
Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр энэ оны эхээр Орбаныг засгийн эрхээс зайлуулсны дараа авлигын эсрэг өргөн хүрээтэй аян өрнүүлсэн юм.
Олдсон мөнгө 5 тэрбум гаруй форинт, 2.6 сая евро, 1.2 сая еврогоос бүрдэх бөгөөд Будапешт, Пешт, Бекеш, Ноград мужийн хэд хэдэн газраас илэрсэн гэж авлигатай тэмцэх байгууллага болох Үндэсний хөрөнгө эргүүлэн татах, хамгаалах газар мэдэгдэв.
“Ингээд Фидес-KDNP мафи албан ёсоор төгсгөлөө үзлээ!” гэж Мадьяр Орбаны засгийн газрыг ийн нэрлэн Facebook-т бичжээ. Мөнгийг Төрийн сангийн 12 ажилтан мөнгө тоолох 5 машин ашиглан найман цаг тоолсон гэж Сангийн сайд Андраш Карман хэлэв.
Үүнээс өмнө Унгарын эрх баригчид хүнийг хууль бусаар хил давуулсан хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд Ерөнхий сайд асан Орбаны ах дүү Арон Орбаныг саатуулсан байна. Мадьярын Даваа гарагт зарласан энэ алхмыг Орбан өөрийг нь онилсон “улс төрийн шулмын ан”-ы нэг хэсэг гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.
Польшийн Ерөнхий сайд Дональд Туск Орбаны ах дүүг баривчилсан, бэлэн мөнгө илрүүлсэн тухай X сүлжээнд ёжтой хариу бичжээ. “Эрхэм Виктор, би таны бүтээлч чанарыг үргэлж биширдэг байсан ч одоо урьд өмнө хэзээ ч ингэж бишрээгүйгээ хэлэх ёстой” гэж тэрбээр бичсэн байна.



