Узбекистан 2027 онд 65 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байна
Узбекистан хэтийн төлөвтэй салбар бүртээ 2027 онд дор хаяж хоёр, гурван томоохон хөрөнгө оруулагч татахыг зорьж байна.

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2027 онд татах 65 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг салбар, бүс нутгаар нь боловсруулахыг үүрэг болгосныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэв.
Энэ үүргийг 2027 оны улсын төсвийн төсөл, макро эдийн засгийн таамаглалын асуудлаарх хуралдааны үеэр өгсөн байна.
Хуралдаанд танилцуулснаар, Узбекистан одоогоор хими, нефть хими, машин үйлдвэрлэл, цахилгаан техник, нэхмэл, эмийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх стратеги боловсруулж байна.
Аж үйлдвэрийн шинэ бодлогын хүрээнд тэргүүлэх салбар бүрт нэр хүндтэй брэнд бүхий олон улсын томоохон компаниуд, хөрөнгө оруулагчдыг татаж, орчин үеийн аж үйлдвэрийн бүс байгуулах төлөвлөгөөтэй байна. 2027 онд хэтийн төлөвтэй салбар бүрт дор хаяж хоёр, гурван томоохон хөрөнгө оруулагч татахаар төлөвлөжээ.
Мөн тус улс хагас дамжуулагчийн технологи, робот техник, биотехнологи, өндөр технологийн эд анги, цахилгаан машины аккумулятор үйлдвэрлэл зэрэг шинэ чиглэлд хөл тавихаар зорьж байна.
2027 онд бүтцийн шинэчлэл үргэлжлэх төлөвтэй бөгөөд төрийн өмчит аж ахуйн нэгж, банкуудыг өөрчлөн байгуулах, хувьчлалыг түргэсгэх, эрчим хүч, тээврийн дэд бүтцийг сайжруулах, Дэлхийн худалдааны байгууллагад элсэх ажлыг дуусгах нь тэргүүлэх зорилт байна.
Узбекистан 2025 онд 43.1 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татсан бол 2026 оны эхний есөн сард 44.3 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт, зээл ашигласан байна. 2026 онд нийт 53 тэрбум ам.доллар татахаар төлөвлөжээ.
/file/attachments/3000/TL_2650331_982516.jpg)


