Гвинейгээс хөөгдсөн алт олборлогчдод туслахаа Буркина Фасогийн эрх баригчид амлалаа
Хөөгдсөн олборлогчдын нэг Омар Банде алт, мөнгийг нь хураан авсан гэж гомдолложээ.

Хууль бусаар алт олборлосон хэргээр Гвинейгээс хөөгдсөн Буркина Фасогийн олон мянган алт олборлогч эх орондоо буцаж байна.
Тэд холын замыг туулан Бобо-Диуласо хотын дамжин өнгөрөх төвд ирж, тэндээсээ нутаг руугаа явж байна.
“Хөөгдсөнийг бид эсэргүүцэхгүй, гэхдээ эд хөрөнгийг маань булааж авсан нь хүлээн зөвшөөрөшгүй” гэж Буркина Фасогийн алт олборлогч Омар Банде Africanews-д хэлжээ.
“Биднийг хөөгөөд зогсохгүй алт, мөнгийг маань авсан. Тэдний өөрсдийнх нь иргэдээс ч амиа алдсан хүн бий. Урьдчилан анхааруулаагүй. Тэд зүгээр л ирээд 24 цагийн хугацаа өгсөн” гэж тэрбээр ярив.
“Нутагтаа буцаж очоод бидний зарим нь Эх орноо хамгаалах сайн дурынхны эгнээнд элсэж, зарим нь мал аж ахуй эрхэлж болно. Тиймээс эрх баригчдаас энэ ажилд маань дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна” гэж Банде хэлэв.
Буркина Фасогийн засгийн газар буцаж ирж буй олборлогчдод боловсрол, мэргэжлийн сургалт, нийгэм, хөдөлмөрийн амьдралд эргэн нэгдэх хөтөлбөрт хамрагдах боломж олгохоо зарласан байна.
“Залуус мэргэжил эзэмших ёстой гэдэг нь манай эрх баригчдын алсын хараа. Эх орондоо буцаж ирж буй эх орон нэгтнүүдийн хувьд энэ бол улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар практик ур чадвар эзэмших боломж” гэж Бобо-Диуласо дахь Иргэний хяналтын хөдөлгөөний ерөнхийлөгч Усман Киндо хэлжээ.
Онцгой байдлын тусламж, нөхөн сэргээлтийн үндэсний зөвлөлийн мэдээллээр арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар Буркина Фасогийн 37 мянга гаруй иргэн, тэр дундаа 8 мянга орчим хүүхэд Гвинейгээс эх орондоо буцаж иржээ.



