Узбекистан 720 сая ам.долларын олон улсын уур амьсгалын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамрагдлаа
Хөтөлбөрийн нийт хөрөнгийн гуравны хоёроос илүүг хамтран санхүүжүүлэгчдээс татахаар төлөвлөж байна.

Узбекистан нийт 720 сая ам.долларын олон улсын уур амьсгалын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамрагдсан 10 орны нэг болсныг тус улсын Экологи, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн алба мэдээллээ.
Өөрчлөлтийн замын санаачилга (TPI) хэмээх уг хөтөлбөрийг Туркийн Анталья хотод болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал COP31-ийн үеэр танилцуулжээ.
Хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын аж ахуйн нэгжүүдийг урт хугацааны уур амьсгалын санхүүжилтээр хангах зорилготой. Энэ санхүүжилтийг эрчим хүч хэмнэх технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, үйлдвэрлэлээ шинэчлэхэд зарцуулна.
Хөтөлбөр аж үйлдвэрийн газрууд, жижиг, дунд бизнест дэмжлэг үзүүлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуй, хүнсний системийг хөгжүүлэхэд туслах аж.
Узбекистанд нэхмэл, химийн болон барилгын салбарын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, тархмал сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, тойрог эдийн засгийн технологи нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинэчлэх чиглэлийг ирээдүйтэй гэж үзжээ.
Нийт 720 сая ам.долларын төсвийн 187 сая ам.долларыг уг сангаас гаргах бөгөөд үлдсэн 533 сая ам.долларыг хамтран санхүүжүүлэгчдээс татахаар төлөвлөж байна.
Хөтөлбөрт Узбекистанаас гадна Энэтхэг, Серби, Өмнөд Африк, Нигери, Кот д’Ивуар, Доминикан, Эквадор, Мексик, Перу улс хамрагдаж байна.
Санаачилгыг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, олон улсын хөрөнгө оруулалтын Finance in Motion компанийн оролцоотойгоор хэрэгжүүлж байна.
Санхүүжилтийг аж ахуйн нэгжүүдэд шууд болон орон нутгийн санхүүгийн байгууллагаар дамжуулан, тэр дундаа зээл хэлбэрээр олгохоор төлөвлөжээ. Мөн хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, уур амьсгалд үзүүлэх нөлөөг үнэлэх, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт татах чадварыг нэмэгдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх юм.
Экологийн үндэсний хороо олон улсын түншүүдтэйгээ хамтран яамд, арилжааны банкууд, аж үйлдвэрийн газруудыг оролцуулж хөрөнгө оруулалтын төслийн багц бүрдүүлэх боломжийг судалж байна.
Узбекистан яг хэдий хэмжээний санхүүжилт авах нь одоогоор тодорхойгүй байна. 10 орон тус бүрийн санхүүжилтийн хэмжээг хөрөнгө оруулалтын төслүүдийг бүрдүүлж, сонгохын хэрээр тогтооно.
Хөтөлбөрийг бүх оролцогч оронд хэрэгжүүлснээр CO2-той дүйцэх 31 сая тонноос илүү хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлж, 1.4 сая гаруй хүнийг уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт илүү тэсвэртэй болгоно гэж тооцоолжээ.
/file/attachments/3000/TL_2650331_982516.jpg)


