Узбекистан Бухарын газрын тос боловсруулах үйлдвэрийг 1.8 тэрбум ам.долларын төслөөр өргөтгөхөөр төлөвлөж байна
Бензин, дизель, онгоцны керосины үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын нэмэлт бодисын зардлыг хэмнэх зорилготой аж.

Бухарын газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг урьдчилсан тооцоогоор 1.8 тэрбум ам.долларын өртөгтэй төслийн хүрээнд өргөтгөх төлөвлөгөөг Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевт пүрэв гарагт танилцуулсныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээллээ.
Барилгын ажлыг 2028 онд эхлүүлэхээр товлосон бөгөөд төслийн хүрээнд үйлдвэр Хятад, Франц, АНУ, Азербайжаны тэргүүлэх технологийн компаниудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Газрын тос боловсруулах болон нефть химийн орчин үеийн технологи нэвтрүүлж, технологийн шинэ байгууламжууд барих замаар нефтийн бүтээгдэхүүний нийт жилийн үйлдвэрлэлийг 2.1-ээс 4.6 сая тонн болгон нэмэгдүүлэх юм.
Тухайлбал, автомашины бензиний үйлдвэрлэлийг 2.7 сая тоннд, дизель түлшийг 1.24 сая тоннд, онгоцны керосиныг 500 мянган тоннд хүргэхээр төлөвлөжээ. Мөн бензол болон бусад нефть химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эдийг гүн боловсруулж нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүн гаргах боломж өргөжнө.
Мөн Евро-5 экологийн стандартад нийцсэн АИ-92, АИ-95 маркийн бензин үйлдвэрлэх 328 сая ам.долларын төслийг 2029 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар товложээ. Үйлдвэрийн төлөвлөсөн хүчин чадал жилд 1.1 сая тонн байна.
Түлшний нэмэлт бодисын импортын зардлыг бууруулснаар жил бүр 150 сая ам.доллар хүртэл хэмнэнэ гэж тооцоолж байна. Мөн 200 шинэ ажлын байр бий болгох юм.
Мирзиёев арваннэгдүгээр сарын 3-нд Бухар мужид ажиллахдаа үйлдвэртэй танилцсан юм. Тэр үед 328 сая ам.долларын төслийн 49 сая ам.долларыг үйлдвэрийн өөрийн хөрөнгөөр, 279 сая ам.долларыг гадаадын зээлээр санхүүжүүлнэ гэж мэдээлж байв.
Бухарын газрын тос боловсруулах үйлдвэр 1997 онд ашиглалтад орсон бөгөөд жилд 2.5 сая тонн газрын тос, хийн конденсат боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэрт 3200 гаруй хүн ажилладаг.
Энэ оны эхний есөн сард үйлдвэр 1.5 сая гаруй тонн түүхий эд боловсруулж, бараг 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд цэвэр ашиг нь 2.2 их наяд сом болжээ.
Оны эцэс гэхэд түүхий эд боловсруулалтыг 2.17 сая тоннд, нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2.12 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна.



