Узбекистанд үнэгүй олгох эм, үзлэг шинжилгээний жагсаалтыг өргөжүүлнэ
Хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр Самаркандаас эхэлж, анхан шатны эрүүл мэндийн тусламжийн шинэ загварыг дахиад 100 дүүрэгт нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Газета.уз сайтын мэдээлснээр, Узбекистанд эрүүл мэндийн тусламжийн баталгаат багцыг өргөжүүлж, 2027 оноос үнэгүй олгох эмийн тоог 73, үзлэг шинжилгээний төрлийг 36 болгоно. Энэ тухай Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 10 дугаар сарын 27-нд Куксарой өргөөнд эрүүл мэнд, эм зүйн салбарын ажилтнуудтай уулзахдаа мэдэгджээ.
Одоогоор поликлиникүүд 69 нэрийн эмийг үнэгүй олгодог бөгөөд үүний 28 нь эмийн үнийг нөхөн төлөх хөтөлбөрөөр олгогддог. 2027 оноос энэ тоо 69 болж нэмэгдэх ёстой. Эрүүл мэндийн яамны төлөөлөгч 2025 оны 2 дугаар сард оршин суугаа газрын поликлиникийн баталгаат багцад 28 оношилгооны шинжилгээ, 22 лабораторийн шинжилгээ багтдаг гэж мэдээлж байжээ.
Ерөнхийлөгчийн хэлснээр, ходоод, бүдүүн гэдэс, түрүү булчирхай, уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөрийг Самаркандаас эхлүүлж, 2028 оноос Узбекистаны бүх бүс нутагт хэрэгжүүлнэ. Үүнд жил бүр 700 тэрбум сум зарцуулна. Чихрийн шижин, сүрьеэ, зүрх судасны өвчин, эмэгтэйчүүдийн хавдар, хүүхдийн цусны хорт хавдрыг эрт оношлох хөтөлбөрүүд ч үргэлжилнэ.
Андижан, Фергана, Наманган, Самарканд, Ташкентад хэрэгжиж буй зүрхний шигдээс, тархины харвалтыг эрт илрүүлж эмчлэх хөтөлбөрийн үр дүнд таван сарын дотор эдгээр өвчний эхний шатны нас баралт 15 хувиар буурсан гэж Ерөнхийлөгч мэдэгдэв. Анхны шинж тэмдэг илэрснээс хойшхи шийдвэрлэх ач холбогдолтой алтан цагийн дотор тусламж үзүүлснээр 855 хүнийг эрт нас баралт, өвчний хүнд үр дагавраас аварчээ. 2027 онд хөтөлбөрийг өргөжүүлэхэд 280 тэрбум сум төсөвлөж, улсын бүх дүүрэг, хотыг хамруулна.
Мирзиёев анхан шатны эрүүл мэндийн тусламжийг шинэчлэх асуудалд тусгайлан анхаарлаа хандуулав. «Анхан шатны тусламж хэдий чинээ сайн ажиллана, манай ард түмэн төдий чинээ эрүүл байна гэж би үргэлж хэлдэг» гэж тэрээр онцолжээ. Түүний хэлснээр, Узбекистаны 28 дүүрэгт анхан шатны тусламжийн шинэ загварыг туршсан бөгөөд эдгээр дүүргийн 7 сая оршин суугчийг өрхийн эмч нарт хувь хүн бүрээр нь хуваарилжээ.
Өвчтөн, эмнэлгийн ажилтны үүргийг харилцан гэрээгээр бататгаж, шинэ лаборатори нээн, эмч, сувилагч нарыг сургаж, өвчтөнүүдийн үзлэг шинжилгээ хийлгэх, тусламж авах дарааллыг тогтоосон байна. Ерөнхийлөгчийн үнэлгээгээр эдгээр өөрчлөлт поликлиникт итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлжээ. 2027 оноос шинэ загварыг дахиад 100 дүүрэгт нэвтрүүлнэ.
Ерөнхийлөгчийн хэлснээр, сүүлийн арван жилд Узбекистанд 10 сая хүнд үйлчлэх шинэ поликлиник, эмнэлгүүдийг ашиглалтад оруулж, 58 мянган шинэ ор бий болгожээ. Орчин үеийн эмнэлгийн сүлжээ өргөжиж, хувийн хэвшил хөгжсөний ачаар эмнэлгийн үйлчилгээний хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Одоо тус улсад өмнө нь гадаадад хийлгэдэг байсан 100 гаруй төрлийн нарийн мэс засал, тухайлбал зүрхний төрөлхийн гажгийн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах, роботын тусламжтай мэс засал, мэдрэлийн нарийн мэс засал хийж байна.


