Узбекистаны Ерөнхийлөгч кибер орон зай сөргөлдөөний гол талбар болсныг онцолжээ
Мирзиёев тусгай албадын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалжээ.

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 11 дүгээр сарын 6-нд Самарканд хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын аюулгүй байдлын асуудлаарх анхны шинжээчдийн яриа хэлэлцээний оролцогчдод хандсан үгэндээ дижитал технологи, хиймэл оюун ухааны хөгжил үндэстэн дамнасан аюул заналын мөн чанарыг үндсээр нь өөрчилж байгааг онцолсныг Газета.уз сайт мэдээлжээ.
«Кибер орон зай сөргөлдөөний гол талбар болсон гэвэл хэтрүүлэг болохгүй» гэж тэрбээр хэлжээ.
Мирзиёев алан хядах байгууллагууд дижитал орчныг ашиглаж байгаад санаа зовж буйгаа илэрхийлж, интернэт платформууд радикал үзэл суртал сурталчлах, шинэ дэмжигч элсүүлэх, санхүүжилт босгох хэрэгсэл болсныг тэмдэглэжээ. Түүний хэлснээр залуучууд онцгой эмзэг бүлэг хэвээр байна.
Тэрбээр нэг ч улс хил хязгаар үл мэдэх аюул заналыг дангаараа бүрэн сөрж чадахгүй тул олон улсын хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл улам чухал болж байгааг онцолжээ.
Мирзиёевын хэлснээр 25 жилийн турш оршин тогтносон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хамтын хандлагыг боловсруулах үр дүнтэй талбар болжээ. Узбекистан тус байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг юм.



