Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мачадо Трампад талархал илэрхийлж, 2027 онд сонгууль явуулахыг уриалав
Нобелийн энх тайвны шагналт Мачадо цөллөгөөс буцаж ирснийхээ дараах анхны хэвлэлийн бага хурлаараа ардчилсан шилжилтийн хуваарийг онцолжээ.

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо нэгдүгээр сард Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлан аваачсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд талархал илэрхийлж, ирэх онд сонгууль явуулахыг уриалжээ. Энэ тухай Аль Жазира мэдээлэв.
“Тэдний алсын хараа, зориг, нэгдүгээр сарын 3-ны үйлдлийн ачаар эрх чөлөөний хаалга нээгдлээ” гэж Мачадо пүрэв гарагт Каракаст хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Тэрээр Трамп, түүний засаг захиргаа болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог нэрлэв. Мачадогийн хэлснээр, Рубио 2027 онд ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг тодорхой болгосон ардчилсан шилжилтийн дарааллыг гаргажээ.
Энэ бол 10 гаруй сарын цөллөгөөс буцаж ирснийх нь дараах анхны олон нийтийн үг байлаа. Мачадо 2025 онд Трампын ихэд хүсэж байсан Нобелийн шагналынхаа медалийг түүнд бэлэглэж байсан юм.
Удаан хугацааны идэвхтэн Мачадо Мадурогийн дэглэмээс жил нуугдсаны эцэст арванхоёрдугаар сард Нобелийн энх тайвны шагналаа авахаар Осло руу дүрвэжээ. Түүнийг Грэй Булл Рэскью байгууллагын АНУ-ын тусгай хүчний ахмад дайчид завиар зугтаахад тусалсан аж.
Мадурог хулгайлснаас хойш тус улсыг түүний дэд ерөнхийлөгч асан Делси Родригес удирдаж байна. Мачадо ням гарагт эх орондоо буцаж ирэхэд дэмжигчид нь баяр хөөртэй угтсаныг Родригес таагүй хүлээж авч, нисэх буудлууд ойрхон байхад ийм шоу хэрэггүй байсан гэж төрийн телевизээр хэлжээ.
Мачадо Родригестэй уулзах эсэх талаар асуухад түүнээс ч, Вашингтоноос ч ямар нэг мессеж аваагүй гэв. Түүний үгийн өмнөхөн Родригес Венесуэлд сонгууль дэлхий нийтийн хяналтан дор болно гэж амласан ч огноог тодорхойлоогүй.
“Энэ гэрээ Венесуэлийн нийгмийн хүсч буй ил тод байдлын түвшинг тусгаагүй” гэж Мачадо АНУ-тай байгуулсан газрын тосны гэрээг шүүмжилжээ.
Тэр маргаантай гэрээгээр Венесуэл газрын тосны асар их нөөцийнхөө 20 хувийг АНУ-д шилжүүлэх бөгөөд Мачадо гэрээ байгуулагдснаас хэдхэн долоо хоногийн дараа эх орондоо буцаж иржээ.



