Вьетнамын төв хэсэгт аадар бороо, хүчтэй салхи мод, самбар унагаж, хөрсний гулсалт үүсгэжээ
Хүйтэн агаарын масс идэвхжсэнээр төв мужуудад аадар бороо үргэлжилж байна.

Вьетнамын төв хэсгийн Дананг, Хюэ хотуудад аадар бороо, хүчтэй салхи мод, цахим самбаруудыг унагаж, хөрсний гулсалт үүсгэснийг ВнЭкспресс сайт мэдээлжээ.
Дананг хотод Мягмар гарагийн өглөө аадар бороо орж, салхины хурд цагт 74 км хүрсэн. Хүчтэй салхи үл хөдлөх хөрөнгийн төслийн төмөр хашааг сугалж, явган хүний гудамжны цахим самбар, чимэглэлүүдийг унагажээ.
Хюэд шавар, хог хаягдал агуулсан үерийн ус Хо Ши Мин замыг хамарч, 49 дүгээр улсын чанартай замын хэд хэдэн цэгт хөрсний гулсалт болж, уулын бүсийн тосгодтой холбох хөдөлгөөн тасарсан байна.
Куангчи мужид хоёр өдөр үргэлжилсэн бороо нэгэн улсын чанартай замд их хэмжээний хөрсний гулсалт үүсгэж, хэдэн зуун шоо метр хөрс, чулуу замыг бүрхжээ.
Давалгаа 20 багийн гишүүнтэй, ачаагүй Вьетнамын далбаатай ачааны хөлөг онгоцыг зангуунаас нь салгаж, Хюэ дахь амралтын газрын ойролцоо эрэгт гаргасан юм.
Куангнгай мужид Панамын далбаатай, 80 гаруй тонн тос тээвэрлэж явсан, 14 багийн гишүүнтэй ачааны хөлөг Мягмар гарагийн өглөө Са Хюинь эргээс 150 орчим метрийн зайд эрэгт гарсан ч багийнхан бүгд эсэн мэнд, тос асгарсан шинж илрээгүй аж.
Улсын ус цаг уурын төвийн мэдээгээр Мягмараас Лхагва гараг хүртэл Хюэ, Дананг болон Куангнгайгаас Даклак хүртэлх эргийн мужуудад 150-300 мм, зарим газарт 500 мм-ээс их хур тунадас орох төлөвтэй байна.



