Япон 2027 онд дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд зургадугаарт буурах төлөвтэй байна
Иенийн сулрал, эдийн засгийн удаан өсөлт, ажиллах хүчний хомсдол бууралтын гол шалтгаан гэж шинжээчид үзэж байна.

Олон улсын валютын сангийн Дэлхийн эдийн засгийн төлөвийн тайланд дурдсанаар Японы эдийн засаг 2027 онд Энэтхэг, Их Британид гүйцэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд дөрөвдүгээрээс зургадугаарт буурах төлөвтэй гэж Ниппон.ком сайт мэдээлжээ.
Тайлангийн тооцоогоор 2027 онд Японы нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 4.47 их наяд ам.доллар болж, Энэтхэгийн 4.52 их наяд, Их Британийн 4.49 их наяд ам.доллараас бага байх юм.
Япон 1968 онд үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт орж байсан ч 2010 онд Хятадад, 2023 онд Германд гүйцэгдсэн байна.
Сүүлийн жилүүдийн иенийн сулрал зэрэглэл буурах нэг хүчин зүйл юм. Барууны төв банкууд 2022 онд хүүгээ өсгөж эхэлсэн бол Япон хэт бага хүүгийн бодлогоо удаан хадгалсан байна.
Олон улсын валютын сангийн таамаглалаар 2027 онд Японы өсөлт 1 хувиас доош буурч, тэргүүлэх зургаан эдийн засгийн дундаас хамгийн бага байх аж.
НЛИ судалгааны хүрээлэнгийн ахлах эдийн засагч Такаяма Такэши хүн амын хөгшрөлтөөс үүдэн ажиллах хүч цөөрч байгааг эдийн засгийн зогсонги байдлын нэг шалтгаан гэж үзэж, сувилал, эрүүл мэнд зэрэг ирээдүйтэй салбарт анхаарах хэрэгтэй гэж зөвлөжээ.



