Японд байрладаг АНУ-ын устгагч хөлгүүдийн тал нь Иранын эсрэг дайнд оролцож байна
Шинжээчид Номхон далай дахь холбоотнуудтай харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.

Японы Ёкосукад байрладаг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний 10 устгагч хөлгийн тав нь, мөн «Жорж Вашингтон» нисэх онгоц тээгч хөлөг Иранын эсрэг дайныг дэмжихээр Төв командлалын бүсэд байгааг Дифенс Ван сайт мэдээлжээ.
Тэнгисийн цэргийн албаныхан эдгээр устгагчийн заримын багийнханд 2027 он хүртэл эх орондоо буцахгүй гэж хэлсэн байна. Энэ нь Номхон далайн бүсийг тэргүүн зэргийн ач холбогдолтой гэж үзсэн Трампын засаг захиргааны стратегийн баримт бичигтэй зөрчилдөж байна.
Үндэсний аюулгүй байдлын стратеги Энэтхэг-Номхон далайн бүсэд сонор сэрэмжтэй байхыг шаардсан бол 1 дүгээр сард гарсан Үндэсний батлан хамгаалах стратеги эх орноо хамгаалах, Хятадыг саатуулахыг тэргүүлэх зорилт гэж тодорхойлсон. Гэвч таван долоо хоногийн дараа Трамп Иранын эсрэг дайн эхлүүлжээ.
«Энэ үнэхээр том асуудал» гэж Хонолулу дахь Номхон далайн форумын тэргүүн Ральф Косса хэлжээ.
Номхон далайн командлалын төлөөлөгч бүсийн аюулгүй байдал, холбоотнуудын өмнө хүлээсэн амлалт тууштай хэвээр байна гэж мэдэгдэж, саяхны «Кийн Сворд» сургуулилтыг жишээ болгожээ. Харин Шинэ Америкийн аюулгүй байдлын төвийн дэд ерөнхийлөгч Кэтрин Кузьмински одоогийн үйл ажиллагаа засаг захиргааны зарласан стратегитай нийцэхгүй байгааг онцолжээ.
Хятадын дарга Ши Жиньпин цэргийн хүчиндээ 2027 он гэхэд Тайванийг эзлэхэд бэлэн байхыг үүрэг болгосон гэх мэдээлэл бий. Ирэх жил Тайвань руу довтолно гэдэгт итгэхгүй байгаагаа Косса хэлсэн ч флотын гуравны нэг нь Ойрхи Дорнодод байгаа нь буруу дохио өгч байна гэжээ.
АНУ Номхон далайн бодлогоо өөрчилж буй нь анх удаа биш. 2012 онд Обамагийн үед Пентагон Энэтхэг-Номхон далайн бүс рүү цэрэг, хөлөг онгоцоо шилжүүлэх бодлого зарласан ч Трампын анхны засаг захиргааны үед Төрийн департаментын албан тушаалтан уг бодлогыг дууссан гэж мэдэгдэж байжээ.


