Японы Ерөнхий сайд Такаичигийн засгийн газрын дэмжлэг 50.4 хувь болж өсөв
Хүнсний хэрэглээний татварыг бууруулах төлөвлөгөө инфляцтай тэмцэхэд бага нөлөөтэй гэж санал асуулгад оролцогчдын 63 орчим хувь үзэж байна.

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн засгийн газрыг дэмжих хувь өнгөрсөн сард 49.1 хувь болж түүхэн доод түвшинд хүрснийхээ дараа бага зэрэг өсөж, 50.4 хувьд хүрсэн нь Kyodo News агентлагийн ням гарагт нийтэлсэн санал асуулгаар тогтоогджээ.
Бямба, ням гарагт явуулсан санал асуулгаар засгийн газрыг дэмжихгүй байгаа хүмүүсийн хувь 34.4 байна.
Хүнс, ундааны хэрэглээний татварыг хоёр жилийн хугацаатай бууруулах төлөвлөгөө инфляцтай тэмцэхэд төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэж санал асуулгад оролцогчдын 63 орчим хувь хариулжээ.
Такаичи татварын хувь хэмжээг дөрөвдүгээр сараас эхлэн одоогийн 8 хувиас 1 хувь болгон бууруулж, бэлэн мөнгөн тэтгэмж олгохыг хүсч байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх хуулийн төслийг парламент хэлэлцэж байна.
Санал асуулгад оролцогчдын 85.6 хувь нь Такаичийг төлөвлөгөөнийхөө талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахыг шаардсан бол 12.3 хувь нь шаардлагагүй гэж хариулжээ.
Нийт 68.6 хувь нь татвар бууруулах нь өндөр хөгжилтэй орнуудын дунд аль хэдийн хамгийн муу байгаа тус улсын төсвийн байдалд сөргөөр нөлөөлнө гэж санаа зовж байна.
Саяхан Японы компаниудад цуврал кибер халдлага гарсны дараа засгийн газрын авсан арга хэмжээний талаар асуухад 59.0 хувь нь “оройтсон” гэж үзсэн бол 32.7 хувь нь “шуурхай” байсан гэж хариулжээ.



