Юниверсал Мюзик компани хөрөнгө оруулалтын сангуудтай хувьчлагдах тухай хэлэлцжээ
Дэлхийн хамгийн том дуу бичлэгийн компанийн хувьцаа энэ онд 29 хувиар унасан бөгөөд хувийн зах зээлд хөгжмийн хөрөнгийг илүү өндөр үнэлдэг байна.

Дэлхийн хамгийн том дуу бичлэгийн компани Юниверсал Мюзик Груп энэ оны эхээр хувийн өмчид шилжих боломжийн талаар хэд хэдэн хувийн хөрөнгө оруулалтын сантай урьдчилсан хэлэлцээ хийжээ. Энэ тухай Блүүмберг агентлаг мэдээлэлтэй эх сурвалжид тулгуурлан мэдээлснийг Интерфакс агентлаг бичжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, компанийн удирдлага Аполло Глобал Менежмент, Ти Пи Жи, Блэкстоун зэрэг хөрөнгө оруулалтын компаниудтай ярилцсан ч хэлэлцээ үргэлжлээгүй бөгөөд компани өөрөө худалдах үйл явц эхлүүлээгүй байна.
Дуу бичлэгийн компанийн зах зээлийн үнэлгээ 29 тэрбум евро орчим. Компанийн хувьцаа энэ оны эхнээс 29 хувиар унаж, 2021 онд биржид гарах үеийн үнээс доогуур арилжаалагдаж байна. Харин хувийн зах зээлд хөгжмийн каталог болон энэ салбарын бусад хөрөнгийг Юниверсал Мюзик болон түүний өрсөлдөгч Уорнер Мюзик Групийнхээс хамаагүй өндөр үржүүлэгчээр үнэлдэг аж.
Билл Акманы хөрөнгө оруулалтын Першинг Сквер Капитал Менежмент компани энэ оны 4 дүгээр сард Юниверсал Мюзикийг худалдан авч, бүртгэлийг нь Амстердамаас АНУ руу шилжүүлэх санал тавьсан. Юниверсал энэ саналаас татгалзсан ч хамгийн том хувьцаа эзэмшигч болох Боллоре гэр бүл компани дутуу үнэлэгдсэн гэдэгтэй Акмантай санал нэгдсэн юм. Боллоре гэр бүл холдинг компаниараа дамжуулан Юниверсал Мюзикийн 30 гаруй хувийг хянадаг бол 11 гаруй хувийг Хятадын интернэтийн аварга Тенсент эзэмшдэг.
Юниверсал Мюзик нь дуу бичлэгийн гурван том компанийн хамгийн амжилттай нь бөгөөд өнгөрсөн жил дэлхийд хамгийн их борлуулалттай арван уран бүтээлчийн есийнх нь бичлэгийг түгээсэн байна. Тус компанитай Тейлор Свифт, Леди Гага, Билли Айлиш зэрэг одууд хамтран ажилладаг. Компани мөн Куин, Битлз хамтлаг, Боб Дилангийн дууны эрхийг эзэмшдэг.



