Запорожьегийн Камышевахад хүмүүнлэгийн тусламжийн цэг рүү Орос цохилт өгч, 31 хүн амиа алджээ
Мужийн удирдлагын мэдээлснээр 40 гаруй хүн сураггүй алга болжээ.
Оросын арми Запорожье мужийн Камышеваха суурин руу нисэх онгоцны бөмбөгөөр хоёр удаа цохилт өгч, эрх баригчдын сүүлийн мэдээгээр 31 хүн амиа алджээ гэж Медуза сайт мэдээлэв.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлснээр, цохилт Даваа гараг бүр хүмүүнлэгийн тусламж тараадаг хуучин сургуулийн барилгад өртсөн аж. Хүмүүс ирэхэд эхний цохилт болсон гэж тэрбээр хэлжээ.
«Дараа нь дахин цохилт болж, шинэ нисэх онгоцны бөмбөг энэ удаад шууд хоргодох байрыг онов» гэж Зеленский хэлсэн байна.
Мужийн цэргийн захиргааны дарга Михаил Семикин нийт есөн цохилт өгсөн бөгөөд газар доорх бетон байгууламж нурсан гэж тодорхойлжээ. Нурангийг цэвэрлэж байгаа бөгөөд хүмүүс сураггүй хэвээр байна.
Камышеваха фронтын шугамаас 20 км хүрэхгүй зайд оршдог тул хүүхдүүдийг 6 дугаар сард албадан нүүлгэсэн юм.
Зеленский Оросын цэргийг барилгыг хүмүүнлэгийн зорилгоор ашигладгийг мэдэж байсан гэж буруутгаж, террорист цохилт гэж нэрлэсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам тайландаа Камышевахын цохилтыг дурдаагүй, зорилгыг нь тайлбарлаагүй аж.
Запорожье мужид 11 дүгээр сарын 3, 4, 5-ныг гашуудлын өдөр болгон зарласан байна.



