Зеленский Путинтай ярилцсан Финланд, Норвегийн удирдагчдыг өмгөөлөв
Европын зарим удирдагч уг утасны яриаг Оросын эсрэг Европын эв нэгдлийг сулруулсан алдаа гэж шүүмжилж байгаа юм.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энхийн хэлэлцээрт хүрэхийн тулд Оросын удирдагч Владимир Путинтай холбогдсон Финланд, Норвегийн удирдагчдыг өмгөөлжээ. Энэ тухай Политико Юроп хэвлэл мэдээлэв.
Мягмар гарагт 90 минут үргэлжилсэн утасны ярианд Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре нар Путинийг Украины эсрэг дайнаа зогсоохыг уриалсан юм.
Гэвч Европын зарим удирдагч Стубб, Стёре нарыг 2022 оны 2 дугаар сард бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлснээс хойш ихэвчлэн тусгаарлагдсан Оросын ерөнхийлөгчтэй харилцахдаа Европын эв нэгдлийг сулруулсан гэж шүүмжилжээ.
«Бид эдгээр оронтой үнэхээр сайн харилцаатай. Тэд үнэхээр тусалдаг» гэж Зеленский сэтгүүлчдэд хэлжээ. Түүний хэлснээр, өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аляскад Путинтай уулзсанаар түүнийг дипломат тусгаарлалтаас гаргасан бөгөөд үүнээс хойш Европчууд ч Оростой холбогдож ирсэн ч Норвеги, Финландын удирдагчид шиг ил тод хийгээгүй юм.
Финланд, Норвегийн хамтарсан утасны ярианд «маш эргэлзээтэй» хандаж байгаагаа Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен илэрхийлсэн бол Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон энх тайван Оросыг тайвшруулах замаар бус «хүч чадлаар» ирэх ёстой гэжээ. Итали ч уг яриаг Европ энхийн хэлэлцээнд хэн төлөөлөхөө тохиролцож чадахгүй байгааг ил гаргасан гэж дургүйцсэн байна.
Европын комиссын хэвлэлийн төлөөлөгч Паула Пиньо уг ярианы талаар анхааралдаа авсан бөгөөд энэ нь зөвхөн хоёр талын үндсэн дээр болсон гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, хэлэлцээ өөр өөр хэлбэр, газар, түвшинд явагдаж байгаа бөгөөд Европын холбоо оролцож байна.



