Зимбабвегийн нийслэлд байшингуудыг нурааж, олон гэр бүл орон гэргүй болжээ
Оршин суугчид газраа хотын захиргаатай холбоотой журмаар худалдан авсан гэж маргаж байгаа бол захиргаа хууль бус барилгыг нурааж байна гэж тайлбарлаж байна.

Зимбабвегийн нийслэл Харарегийн Сент-Мартинс өргөтгөлд олон жил хуримтлал хийж барьсан байшингуудаа нураалгасан гэр бүлүүд орон гэргүй болсныг Аль Жазира телевиз сурвалжилжээ.
Гурван хүүхэдтэй ганц бие ээж, 28 настай Метро Масунга 8 дугаар сарын 14-ний өглөө бульдозерын дуунаар сэрсэн бөгөөд таван жил айлын угаалга, аяга таваг угааж хуримтлал хийж барьсан байшингаа нураалгажээ.
«Бид ойлгохыг хичээсэн ч хэн ч биднийг сонссонгүй» гэж Масунга хэлсэн байна.
Аль Жазирагийн үзсэн хотын захиргааны баримтаар Дээд шүүхийн 37 шийдвэрийн дагуу 5000 гаруй байшинг нураах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тусгай ажлын хэсэг 22255 газрыг шалгажээ.
Захиргааны хэвлэлийн төлөөлөгч Стэнли Гама олон удаа анхааруулсан ч хууль бусаар барьсан байгууламжуудыг л нурааж байна гэж мэдэгджээ.
Зимбабвегийн Үндсэн хуулиар шүүхийн шийдвэргүйгээр хүнийг гэрээс нь нүүлгэх, байшинг нь нураахыг хориглодог. Оршин суугчид өөр орон байр санал болгоогүй гэж гомдоллож байна.
Орон нутгийн засаг захиргааны сайд Даниэл Гарве засгийн газар нураалт хийдэггүй, шүүхийн үйл явцад хөндлөнгөөс оролцох боломжгүй гэж мэдэгдэж, хотын захиргаа 5000 орчим нураах тушаалтай байгааг хүлээн зөвшөөрсөн байна.



