Айдас, худал мэдээлэл Конгод Эболатай тэмцэхэд саад болж байна
Тус улсын түүхэн дэх хамгийн их хүний амь авсан Эболагийн дэгдэлтийн үеэр олон гэр бүл эмнэлгийн оронд илбэчин, тахилч руу хандаж, эрүүл мэндийн ажилтнууд халдлагад өртөж байна.

Конго Ардчилсан Бүгд Найрамдах Улсын зүүн хэсэгт Эболагийн дэгдэлтийн эсрэг тэмцлийг айдас, худал мэдээлэл хүндрүүлж, эмчилгээний хэд хэдэн төв, эрүүл мэндийн ажилтнууд халдлагад өртжээ. Энэ тухай Африканьюс сайт 27 настай Завади Кавира Мусубаогийн гэр бүлийн түүхээр жишээлэн мэдээлэв.
Мусубаогийн эгч 8 дугаар сард гэнэт нас барахад уламжлалт анагаахын эмнэлэг гэр бүлийнхэнд нь түүнийг хордуулсан гэж хэлжээ. Оршуулгын үеэр өвдсөн Мусубаод ч мөн хордсон гэж хэлсэн байна. Нэгэн пастор гэр бүлийн жорлон дахь муу сүнс өвчин тарааж байна гэж тайлбарласан тул гэр бүлийнхэн жорлон руу халуун үнс асгажээ. Удалгүй пастор нас барж, гэр бүл уламжлалт эмчид хандаж, тэрбээр тэдэнд эм бэлдэж өгчээ.
Гэвч тэдний бие улам муудсан. Худал мэдээлэл газар авч, Киншаса дахь төв засгийн газар олон жил үл тоосон иргэд эрх баригчдад итгэдэггүй Конгогийн зүүн хэсэгт ийм түүх элбэг тохиолддог. Эгчийгээ нас барснаас хойш хэдхэн хоногийн дараа Мусубаогийн аав ч нас баржээ.
Тэр үед ах нь хөндлөнгөөс оролцож, гэр бүлийнхнээ эмнэлэгт хүргэсэн байна. «Эхэндээ бид татгалзсан. Тийшээ очсон хүмүүс хэзээ ч амьд гардаггүй гэж түүнд хэлсэн» гэж Мусубао ярив. Мусубао үхлийн ирмэгээс эргэж ирсэн ч өөрийн хүү зэрэг гэр бүлийн дөрвөн гишүүнээ алджээ. Эрүүл мэндийн байгууллага гэрийг нь ариутгасны дараа гэрийн эзэн нь энэ ажиллагаа муу сүнс үлдээсэн гэж Мусубаог хөөж гаргасан байна.
Мусубао ах нь өөрийнх нь болон амьд үлдсэн гэр бүлийнхний амийг аварсан гэж үздэг. Ахынх нь оролцооны ачаар гэр бүлийн арав гаруй гишүүн Бени хотын Эболагийн эмчилгээний төвд хүрчээ. Түүний ах Альфонс бин Китоби Ачоу Тайбо нь Бенигийн захад орших Бапакомбе-Бакондо тосгоны уламжлалт ахлагч юм.
Ачоу Тайбогийн хэлснээр, залуучууд оршин суугчдыг илбэ хийсэн гэж буруутган хорооллын зарим байшинг шатаажээ. Тэрбээр эрүүл мэндийн байгууллагыг ийнхүү эсэргүүцэх хандлагыг төрөл төрөгсөддөө ч харсан бөгөөд бүх гэр бүлээ алдах аюулд орсноо түргэн ухаарсан гэж ярив. Тэрбээр тэнд хүмүүс заавал нас бардаггүй, заримдаа эдгэрдэг гэж тайлбарлан гэр бүлийнхнээ эмчлүүлэхийг ятгаж, удалгүй тосгондоо сурталчилгаа хийж эхэлжээ. Олон хүн түүнийг тэднийг үхүүлэхээр эмчилгээний төв рүү аваачиж байна гэж буруутгасан байна.
Энэ дэгдэлтийн үеэр бүс нутгийн иргэд ширүүн эсэргүүцэл үзүүлж, эмчилгээний хэд хэдэн төв, эрүүл мэндийн ажилтнууд халдлагад өртсөн. Тус улсын Эрүүл мэндийн яамны сүүлийн мэдээгээр 5 дугаар сард дэгдэлт эхэлснээс хойш 9,800 гаруй тохиолдол бүртгэгдэж, 4,700 гаруй хүн нас барсан нь Конгогийн түүхэн дэх хамгийн их хүний амь авсан Эболагийн дэгдэлт болжээ.


