АХБ Узбекистаны мал аж ахуйд 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно
Узбекистан мах үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд Монголоос 150 мянган хонь импортлохоор төлөвлөж байна.

Азийн хөгжлийн банк Узбекистаны малчдад бүтээмжээ нэмэгдүүлж, ган, усны хомсдолыг даван туулахад туслах зорилгоор 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохыг баталлаа.
Банкны тооцоогоор, Мал аж ахуйн тэсвэрт чадварыг нэмэгдүүлэх төслийн үр шимийг Бухара, Кашкадарья, Навои, Самарканд муж болон Каракалпакстан Бүгд Найрамдах Улсын 29 мянга орчим жижиг фермер хүртэнэ.
Олон улсын нийт санхүүжилт 68 сая ам.доллар бөгөөд үүнд Ногоон уур амьсгалын сангийн 5 сая ам.долларын, Японы сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламж багтжээ.
Жижиг фермерүүд хямд тэжээл, бэлчээрээс ихээхэн хамааралтай тул ган, халуунд онцгой эмзэг байдаг. Төсөл фермерүүдэд ганд тэсвэртэй, давсархаг хөрсөнд ургадаг тэжээлийн ургамал тариалах, малын усны цэгүүдийг сэргээх, бэлчээрийн менежментийг сайжруулахад туслана.
Мал маллаж буй эмэгтэйчүүд тэжээл үйлдвэрлэх сургалт, дэмжлэг авах аж. Мөн мал эмнэлгийн үйлчилгээг өргөжүүлж, бэлчээрийн нөхцөлийг хиймэл оюун ухаанаар хянана. Фермерүүдэд гар утасны аппликейшнээр зөвлөгөө өгч, цаг агаартай холбоотой эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлэх юм.
Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээгээр, Узбекистан жилд 1.6 сая орчим тонн мах үйлдвэрлэдэг бол дотоодын хэрэгцээ 2.15 сая тонн байна.
Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2026 оноос 2028 он хүртэл мах, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх саналуудтай наймдугаар сард танилцжээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд 190 мянган тонн мах нэмж үйлдвэрлэх боломжтой гэж албаныхан тооцоолж, мал аж ахуйг хөгжүүлэхэд 463 сая ам.доллар хуваарилахаар төлөвлөжээ.
Засгийн газар үйл ажиллагаагаа зогсоосон мал аж ахуйн чиглэлийн 103 аж ахуйн нэгжийг сэргээхээр зорьж байна. Саналын дагуу эдгээр аж ахуйн нэгж өрийнхөө бүтцийг өөрчлөх эсвэл арван жилийн хугацаанд хувааж төлөх боломжтой болж, үржлийн мал, тэжээл тариалах газар авна. Эдгээр аж ахуйн нэгж ажиллаж эхэлбэл жилд 12 мянган тонн мах, 40 мянган тонн сүү үйлдвэрлэх боломжтой.
Каракалпакстаны мал аж ахуйн 20 цогцолборыг үнэлэхэд нийт 109.6 тэрбум сум буюу 9 сая орчим ам.долларын төлөгдөөгүй өр илэрсэн бөгөөд цогцолборуудын тал нь өндөр эрсдэлтэйд тооцогджээ.
Засгийн газар мал аж ахуйд төрөлжсөн 13 дүүргийн 75 мянган га тэжээлийн газрыг илүү үр ашигтай ашиглах зорилт тавьжээ. Мөн нийт 3 их наяд сум буюу 250 сая орчим ам.долларын өртөг бүхий мал аж ахуйн 802 төсөл санал болгоод байна.
Монголоос 150 мянган хонь, Хятад болон Европын орнуудаас 100 мянган үржлийн үхэр, Беларусаас нэмж 2000 үхэр импортлохоор тусгажээ.
Гаалийн хорооны мэдээгээр, Узбекистан 2026 оны эхний есөн сард махан бүтээгдэхүүн импортлоход 780.4 сая ам.доллар зарцуулсан нь 2025 оны мөн үеийн 681.8 сая ам.доллараас 14.5 хувиар их байна.
/file/attachments/orphans/Siya-Uniexams-readiness1_119645.jpg)

