Антарктидын судлаач: Ойрын 10 жилд Эймери мөсөн тавцангаас Москвагийн хэмжээтэй мөсөн уул тасарч болзошгүй
Мөсөн тавцан руу дулаан гүний ус нэвтэрч байгаа нь мөсөн уул тасрахыг хурдасгаж байна гэж эрдэмтэн тайлбарлажээ.

Зүүн Антарктидад ойрын 5-10 жилд томоохон мөсөн уулс үүсэж болзошгүй гэж Арктик, Антарктидын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Александр Макаров мэдэгджээ.
“Ойрын 5-10 жилд маш том мөсөн уул үүсэх нэр дэвшигчид бий. Юуны өмнө Эймери мөсөн тавцан бөгөөд үүнээс 2.5-3 мянган хавтгай дөрвөлжин километр орчим, ойролцоогоор 25×80 км хэмжээтэй мөсөн уул тасарч болзошгүй. Энэ нь Москвагийн талбайтай дүйцэхүйц бөгөөд бага хэмжээ биш” гэж тэрбээр Лхагва гарагт сэтгүүлчдэд хэлснийг Интерфакс мэдээлжээ.
Дулаан гүний ус мөсөн тавцангууд руу нэвтэрч байгаа нь мөс тасарч Өмнөд далай руу орохыг хурдасгаж байна гэж Макаров тайлбарлав.
“Ойрын 10-20 жилд энд илүү олон, тэр дундаа том мөсөн уулс үүснэ гэж хэлж болно. Өдөр, жилээр нь таамаглаж чадахгүй, энэ бол бидний чанарын үнэлгээ, гэхдээ ойрын 10 жилд ийм үзэгдэл гарах магадлал маш өндөр гэж бодож байна” гэж тэрбээр нэмжээ.
Дулаарлын нөлөөнд хамгийн их өртөж буй хэсэг нь Антарктидын хойг хэвээр байна гэж Макаров онцолжээ. Тухайлбал, Брансфилдийн хоолой дахь гүний усны температур таван жилд 0.3 градусаар нэмэгдсэнийг эрдэмтэд их өсөлт гэж үзэж байна.
Эймери мөсөн тавцан Антарктидын зүүн хэсэгт оршдог. Тус мөсөн тавцан 62.6 мянга орчим хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд хэмжээгээрээ Росс, Ронне-Фильхнер мөсөн тавцангийн дараа Антарктидад гуравт ордог.


