Украин дата төвүүд рүү халдсан нь Оросын хиймэл оюун ухааны зорилгод цохилт болжээ
Оросын хиймэл оюун ухааны салбар халдлагаас өмнө ч чип, цахилгаан хангамжийн хомсдолд нэрвэгдэж байсан бол одоо байгууламжаа хамгаалахад нэмэлт зардал гаргах шаардлагатай болж магадгүй байна.

Украин 10 дугаар сард Сбер, Яндекс компаниудын дата төвүүд рүү нисгэгчгүй онгоцоор халдсан нь Оросын хиймэл оюун ухааны салбарын сорилтыг нэмэгдүүлжээ гэж Москоу Таймс сайт мэдээлэв. Тус салбар өргөжихөд шаардлагатай чип, цахилгаан эрчим хүч олж авахад аль хэдийн хүндрэлтэй байсан юм.
Кремль хүн амын бууралт, Украин дахь дайн, мэргэжилтнүүдийн дүрвэлтээр улам хүндэрсэн ажиллах хүчний хомсдлыг хиймэл оюун ухаанаар нөхөж, бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Ерөнхийлөгч Владимир Путин тус улсыг өөрийн “бүрэн эрхт” дэд бүтэц, стандарттай болгохыг уриалсан юм.
10 дугаар сард халдлагад өртсөн байгууламжууд Оросын дата төвийн хүчин чадлын 11 орчим хувийг эзэлдэг байв. Ихэнх үйлчилгээ сэргэсэн ч хохирлыг бүрэн засахад зургаан сар хүртэл хугацаа шаардагдаж магадгүйг Коммерсант сонин мэдээлжээ. Халдлагад өртсөн үүлэн үйлчилгээний хэрэглэгчдийн мэдээллийн 97 орчим хувьд хандах боломжийг сэргээсэн бөгөөд үлдсэн 3 хувь нь бүрмөсөн устсан гэж Яндекс Мягмар гарагт мэдэгджээ.
Халдлагаас өмнө ч томоохон хотуудын цахилгаан сүлжээний хүчин чадал хязгаарлагдмал, барилгын өртөг өндөр, дэвшилтэт чип хомс байсан нь дата төвүүдийн өргөтгөлийг удаашруулж байжээ. Оросын дата төвүүдийн 80 орчим хувь нь Москва, Санкт-Петербург хоёр хотод байрладаг бөгөөд эдгээр хотын цахилгаан сүлжээ хүчин чадлынхаа дээд хязгаарт ойртож байна.
“Бид өнөөдөр хүчин чадлын хувьд бараг ямар ч хязгаарлалтгүй Хятадын компаниудтай тэгш нөхцөлд байхгүй” гэж Сбер банкны гүйцэтгэх захирал Герман Греф 9 дүгээр сард болсон чуулганы үеэр хэлжээ.
Оросын тооцоогоор жилд 300 мегаватт хүртэлх шинэ дата төвийн хүчин чадал дутагдаж байна. Ростелекомын охин компанийн гүйцэтгэх захирал Давид Мартиросовын хэлснээр, Оросын серверийн тавиурын үйлдвэрлэл өмнөх жилийн 14 мянгаас 2025 онд 5000 болж буурсан байна. Дата төвүүдийг газар доор барихаар хэлэлцэж байгаа ч энэ нь ердийн барилгаас 40 хувиар илүү өртөгтэй гэж Коммерсант сонин бичжээ.
Коммерсант сонины мэдээгээр, Орос 1.8 гигаватт дата төвийн хүчин чадалтай аж. Харин судалгааны нэгэн байгууллагын тооцоогоор АНУ 50.4 гигаватт, Хятад 30.9 гигаватт, Герман 3 гигаватт хүчин чадалтай байна. Стэнфордын их сургууль болон НҮБ-ын үнэлгээгээр Орос хиймэл оюун ухааны салбараараа эхний 10 оронд багтдаггүй.

