Оросоос АНУ-д суугаа элчин сайд Александр Дарчиев 66 насандаа таалал төгсчээ
Оросын Гадаад хэргийн яам элчин сайдын нас барсан шалтгааныг дурдаагүй байна.

Оросоос Америкийн Нэгдсэн Улсад суугаа элчин сайд Александр Дарчиев 66 насандаа таалал төгссөнийг Оросын Гадаад хэргийн яам Лхагва гарагт мэдэгдсэн гэж Москоу Таймс сайт мэдээлжээ.
“Шилдэг дипломатч, туршлагатай удирдагч, эелдэг хамт ажиллагч, зөвлөгч бидэнтэй үүрд хагацлаа” гэж яам товч мэдэгдэлдээ дурдаж, талийгаачийг “дээд зэргийн мэргэжилтэн, Америкийн асуудлаар гарамгай мэргэжилтэн” хэмээн тодорхойлжээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээр АНУ, Оросын харилцаа гэнэт дулаарч эхэлсэн 2025 оны эхээр Дарчиев Анатолий Антоновыг сольж элчин сайдаар томилогдсон юм.
Туршлагатай дипломатч Дарчиев 2000-аад оны сүүлээр Вашингтон дахь Оросын элчин сайдын яаманд ажиллаж, дараа нь Гадаад хэргийн яамны албан тушаал хашиж байжээ. Тэрбээр Канадад зургаан жил элчин сайдаар ажиллаж, яамны Хойд Америкийн газрыг дөрвөн жил удирдсан байна.
Женев дэх Оросын дипломатч асан Борис Бондаревын хэлснээр, Дарчиев нь Ерөнхийлөгч Владимир Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаковын шавь байжээ. Тэрбээр Орос Украин руу довтолсныг эсэргүүцэн албан тушаалаасаа огцорсон юм.
Түүнийг томилох үед Москва, Вашингтон сүүлийн жилүүдэд гол асуудлуудыг илүү өндөр түвшинд шийдвэрлэж ирсэн тул Дарчиев төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэж ажиглагчид үзэж байв.
Кремль болон АНУ-ын албаныхан Дарчиевын нас барсантай холбогдуулан одоогоор тайлбар өгөөгүй байна.

