АНУ-д энэ онд улаанбурхантай холбоотой нас баралт 10 хүрлээ
Батлагдсан тохиолдлын тоо 5400 давж, 2025 онд бүртгэгдсэн тооноос хоёр дахин их болжээ.

Пенсильвани, Висконсин мужид тус бүр нэг хүн нас барснаар АНУ-д энэ онд улаанбурхантай холбоотой нас баралт 10 хүрлээ.
Висконсин мужийн Эрүүл мэндийн үйлчилгээний газар нэг нярай нас барсныг Баасан гарагт мэдээлжээ. Пенсильвани мужид хамгийн сүүлд нас барсан хүн вакцин хийлгээгүй, улаанбурхны шинжилгээ эерэг гарсан өвчтөн байсан гэж тус мужийн Эрүүл мэндийн газар мэдэгдэв.
Пенсильвани мужид улаанбурхантай холбоотой долоон хүн, Висконсинд хоёр хүн нас баржээ. Нью-Йорк муж нэг хүүхэд нас барсныг арваннэгдүгээр сарын 2-нд мэдээлсэн нь тус мужид 30 гаруй жилд анх удаа улаанбурхнаас нас барсан тохиолдол байв.
Өвчлөлийн хяналт, урьдчилан сэргийлэх төв болон Жонс Хопкинсийн их сургуулийн Олон улсын вакцин хүртээмжийн төвийн мэдээллээр АНУ-д өнөөг хүртэл 5400 гаруй батлагдсан тохиолдол бүртгэгджээ.
Батлагдсан тохиолдлын тоо 2026 оны арваннэгдүгээр сарын байдлаар 2025 онд бүртгэгдсэн 2289 тохиолдлоос хоёр дахин их байна.
Өвчлөлийн хяналтын төвийн цахим хуудсанд улаанбурхантай холбоотой зургаан нас баралт бүртгэгдсэн нь тус төвийн 2025 онд бүртгэсэн тооноос хоёр дахин их юм. Гэхдээ тус төвийн гаргасан улсын хэмжээний тоо мужуудын албаныхны мэдээлснээс бага байна.
АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жр. эдгээр нас баралтыг албан ёсны тоонд оруулахгүй байхыг Өвчлөлийн хяналтын төвийн захирал Эрика Шварцаас хүссэн байна. Нас баралт улаанбурхантай холбоотой гэх нотолгоо байхгүй гэж тэрбээр үзжээ.
Улаанбурхны холбооны засгийн газрын тоо, тэр дундаа нас баралтыг хэрхэн ангилах асуудал Пенсильвани мужийн захирагч Жош Шапиро, Кеннеди хоёрын маргааны гол сэдэв болоод байна.
Дэгдэлтэд хамгийн их өртсөн Пенсильвани мужид улаанбурхан батлагдсан хүн шинж тэмдэг илэрснээс хойш 30 хоногийн дотор нас барсан бөгөөд өөр шалтгаанаар нас бараагүй бол “улаанбурхантай холбоотой” нас баралт гэж бүртгэдэг.
Өвчлөлийн хяналтын төв улаанбурхны нас баралтын нэгдсэн тодорхойлолтыг Муж, нутаг дэвсгэрийн тархвар судлаачдын зөвлөлтэй хамтран боловсруулж байгаа гэж мэдэгджээ.
Нас баралтыг хэрхэн ангилах тухай маргааны улмаас Өвчлөлийн хяналтын төв улаанбурхны үр дагаврыг олон жил хянаж ирсэн аргачлалаасаа зөрөх болж байна гэж халдварт өвчний мэргэжилтнүүд анхааруулж байна. “Улаанбурхантай холбоотой” нас баралтыг бүртгэх нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Өвчлөлийн хяналтын төвийн олон жилийн жишиг байсаар ирсэн гэж тархвар судлаачид хэлжээ.
Маш халдвартай вирусээр үүсдэг улаанбурхныг АНУ 2000 онд устгасан гэж албан ёсоор зарласан юм.
АНУ-д цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдийн вакцинжуулалтын хамрагдалт 2019-2020 оны хичээлийн жилийн 95.2 хувиас 2025-2026 оны хичээлийн жилд 92.4 хувь болж буурсан үед энэ дэгдэлт гарч байна. Орон нутгийн болон мужийн эрүүл мэндийн байгууллагууд вакцинжуулалтын ажлаа эрчимжүүлжээ.
Улаанбурхнаас улаанбурхан, гахай хавдар, улаануудын хавсарсан вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой. Энэ вакцины хоёр тун ойролцоогоор 97 хувийн хамгаалалт өгдөг.
Баасан гарагийн байдлаар Пенсильвани мужид энэ онд 1542, Висконсинд 651 батлагдсан тохиолдол бүртгэгджээ.
Үргэлжилж буй дэгдэлтийн улмаас АНУ энэ долоо хоногт улаанбурхныг устгасан улсын статусаа алдаж магадгүй. Энэ статусыг хадгалахын тулд тухайн улс улаанбурхны дамжин халдварыг 12 сар ба түүнээс дээш хугацаанд таслан зогсоож чадсан байх ёстой.
/file/attachments/3000/TL_2650331_982516.jpg)