Трамп нислэг зогссоныг кибер халдлага биш, хуучирсан системээс болсон бололтой гэлээ
Агаарын хөдөлгөөний удирдлагын системийг бүрэн шинэчлэхэд 50 тэрбум ам.доллар шаардлагатай гэж Дотоодын аюулгүй байдлын сайд тооцоолжээ.
АНУ-д улс даяар нислэг зогссон нь кибер халдлага эсвэл хиймэл оюун ухаанаас болсон шинж алга гэж Ерөнхийлөгч Дональд Трамп хэлжээ. Харин тэрбээр агаарын тээврийн хуучирсан дэд бүтэцтэй холбон тайлбарласан байна. Урьд өмнө байгаагүй энэ доголдлын шалтгааныг мөрдөн шалгагчид тогтоосоор байна.
Трамп ийн мэдэгдэхээс хэдхэн цагийн өмнө Холбооны нисэхийн захиргаа агаарын хөдөлгөөнд нөлөөлсөн харилцаа холбооны доголдлын улмаас улс даяар онгоц хөөрөхийг зогсоосон юм. Ийм томоохон зогсолт хамгийн сүүлд 2023 онд гарч байсан.
Трамп Fox News телевизийн сурвалжлагч Питер Дусид ярихдаа, доголдол агаарын тээврийн системийн “хуучин эвдэрхий зүйлс”-ээс үүдсэн бололтой гэв. Түүний засаг захиргаа энэ системийг шинэчлэхийг оролдож байсан юм. Кибер халдлагын хариуцлагыг ямар ч бүлэг хүлээгээгүй тул одоогийн мэдээллээр ийм хувилбар магадлал багатай гэж тэрбээр нэмсэн байна.
АНУ халдлагад өртсөн шинж алга гэж Дотоодын аюулгүй байдлын сайд Маркуэйн Маллин хэлсэн ч мөрдөн шалгалт үргэлжилж байгаа тул албаныхан ямар ч хувилбарыг үгүйсгээгүй байна.
“Энэ бол бидний эсрэг чиглэсэн хорлонтой халдлага байсан гэх шинж хараахан алга. Одоохондоо бол зүгээр л харилцаа холбооны доголдол” гэж Маллин Трамптай уулзсаны дараа Цагаан ордны гадаа сэтгүүлчдэд хэлжээ.
Тэрбээр энэ доголдлыг есдүгээр сарын 11-ний террорист халдлагатай зүйрлэх аргагүйг онцолжээ. “Энэ бол дахин нэг 9/11 биш. Үүнийг хэчнээн давтсан ч илүүдэхгүй” гэж Маллин хэлэв.
Хакерууд буруутай нь хожим тогтоогдож болох уу гэсэн асуултад хариулахдаа Маллин, албаныхан “одоогоор юуг ч үгүйсгэхгүй байна” гэв. Дүгнэлт гаргахаас өмнө бүх боломжит тайлбарыг шалгаж байгаа гэж тэрбээр хэлсэн байна.
Тэрбээр нислэгийн доголдлыг Microsoft-ын дэлхий нийтийг хамарсан тасалдалтай холбох ямар ч үндэслэл олж харахгүй байгаагаа хэлж, энэ таамгийг няцаав. Тэр тасалдал хэд хэдэн оронд төрийн үйлчилгээ, компаниудын үйл ажиллагаанд нөлөөлсөн юм. “Эдгээр нь тусдаа асуудал” гэж Маллин тайлбарлажээ.
Трампын хэлсэн үг холбооны агентлагуудын болгоомжтой байр суурьтай нийцэж байна. АНУ-ын агаарын тээврийн сүлжээ ихээхэн шинэчлэх шаардлагатай хуучирсан системээс хамааралтай хэвээр байна гэж Ерөнхийлөгч хэлжээ. Харилцаа холбооны тоног төхөөрөмж хуучирч, агаарын тээврийн эрэлт өссөөр байгаа тул нислэгийн удирдлагын дэд бүтцийг шинэчлэх асуудал дараалсан засаг захиргааны үед хөндөгдсөөр ирсэн юм.
Агаарын хөдөлгөөний удирдлагын хуучирсан системд шинэ технологи нэвтрүүлсэн нь түүнийг хэт ачаалалд оруулсан гэж Маллин хэлжээ. Системийг бүрэн шинэчлэхэд 50 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тэрбээр тооцоолсон байна.
Тээврийн сайд Шон Даффигийн хэлснээр, АНУ-ын агаарын хөдөлгөөний удирдлагын систем “туйлын хуучирсан” бөгөөд өгөгдлийн ачааллыг даахаа больсон аналог системд тулгуурладаг аж. “Энэ бол онцгой нөхцөл байдал” гэж тэрбээр хэлээд, шинэчлэлд яаралтай санхүүжилт олгохыг Конгресст уриалжээ.

/file/attachments/3000/TL_2650331_982516.jpg)