АНУ-д орон сууцны зээлийн хүү дөрвөн долоо хоног буурсныхаа дараа огцом өсчээ
Хэрэглээний үнийн индекс хүлээлтээс өндөр гарсны дараа 30 жилийн тогтмол хүүтэй зээлийн дундаж хүү 7.30 хувьд хүрчээ.

АНУ-д орон сууцны зээлийн хүү дөрвөн долоо хоног дараалан буурсан ч Мягмар гарагт сарын инфляцын тайлан хүлээлтээс өндөр гарсны дараа энэ хандлага тасарсныг Си Эн Би Си телевиз мэдээлжээ.
Мортгейж Ньюс Дэйли сайтын мэдээгээр, 30 жилийн тогтмол хүүтэй зээлийн дундаж хүү Даваа гарагаас хойш 12 суурь нэгжээр өсөж, 7.30 хувьд хүрсэн нь сүүлийн нэг сар гаруйн хугацаанд нэг өдөрт гарсан хамгийн том өсөлт болжээ.
Хэрэглээний үнийн индексээс зөвхөн түлштэй холбоотой зардал бус, үнэ өргөн хүрээнд өсөх дарамттай байгаа нь харагджээ. Үүнээс өмнө Баасан гарагт гарсан ажил эрхлэлтийн сарын тайлан ч шинжээчдийн таамаглаж байснаас эдийн засаг илүү идэвхтэй байгааг харуулжээ.
“Холбооны нөөц одоогоор инфляцад илүү анхаарч байгаагаа тодорхой хэлсэн тул өнөөдрийн мэдээ өнгөрсөн долоо хоногийн ажлын байрны тайлангаас хамаагүй их нөлөөтэй байх гэж бид хүлээж байсан” гэж Мортгейж Ньюс Дэйли сайтын үйл ажиллагаа хариуцсан захирал Мэттью Грэхэм бичжээ.
Орон сууцны зээлийн банкируудын холбооны мэдээгээр, өнгөрсөн долоо хоногт 30 жилийн тогтмол хүүтэй зээлийн долоо хоногийн дундаж хүү 7.30 хувиас 7.21 хувь болж буурснаар зээлийн өргөдөл өмнөх долоо хоногоос 6.2 хувиар өсчээ. Зээл дахин санхүүжүүлэх өргөдөл 5 хувиар өссөн ч өмнөх оны мөн үеэс 57 хувиар бага байв.
Орон сууц худалдан авах зээлийн өргөдөл долоо хоногийн хугацаанд 8 хувиар өссөн ч өмнөх оны мөн үеэс 18 хувиар бага байна.



