Эдийн засаг

АНУ-д улаанбурхан огцом нэмэгдэж, дэгдэлт олон сая долларын хохирол учруулж байна

2026 оны дэгдэлтийн эдийн засгийн өртөг 83 сая ам.долларт хүрч болзошгүйг судлаачдын шинэ хэрэгсэл тооцоолжээ.

CNBC2 мин унших

Зураг: CNBC

Энэ онд улаанбурхан хамгийн өндөр түвшинд хүрсний улмаас Америк тивийн эрүүл мэндийн байгууллага энэ долоо хоногт хянан үзсэний дараа АНУ улаанбурханг устгасан улсын албан ёсны статусаа алдах төлөвтэй байгааг Си Эн Би Си телевиз мэдээлжээ.

2026 онд 11 дүгээр сарын эхний байдлаар улсын хэмжээнд 5100 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь гуч гаруй жилийн хамгийн том дэгдэлт юм. Энэ онд улаанбурхантай холбоотой найман хүн нас барснаас зургаа нь Пенсильвани мужид бүртгэгджээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачдын боловсруулсан хэрэгслээр энэ оны дэгдэлтийн эдийн засгийн өртгийг бараг 83 сая ам.доллар гэж тооцжээ. Үүний 56 сая ам.доллар нь эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бараг 25 сая ам.доллар нь бүтээмжийн алдагдал, 1.8 сая гаруй ам.доллар нь эмчилгээний шууд зардал юм.

Мөн 2289 тохиолдол бүртгэгдсэн 2025 оны дэгдэлт 37 сая гаруй ам.долларын хохирол учруулсан гэж тооцоолжээ. Тухайн жил хамгийн том дэгдэлтийн төв болсон Техас мужид 803 тохиолдол бүртгэгдэж, бараг 13 сая ам.долларын зардал гарсан байна.

Зардлын ихэнх нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлыг тогтоох, мэдэгдэх, эмнэлэг, сургуультай зохицуулах, вакцинжуулалт зохион байгуулах зэрэг хүний хөдөлмөр шаардсан ажилд зарцуулагддаг.

“Халдвар аваагүй ч хавьтал нь зардал гаргуулдаг” гэж Ютагийн их сургуулийн эрүүл мэндийн эдийн засагч Жои Маттингли хэлжээ. Түүний тооцоогоор, тусгаарлагдсан хүн бүр зөвхөн бүтээмжийн алдагдлаар 300 орчим ам.долларын хохирол учруулдаг.

Судлаачдын үзэж буйгаар, вакцинаар урьдчилан сэргийлж болох өвчний дэгдэлтийн эдийн засгийн хохирол вакцинжуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтаас хурдан давж болзошгүй. Хүүхдийн дархлаажуулалтын түвшин буурч байгаа нь энэ эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Бусад мэдээ