Дэлхий

Дубай дахь Холокостын дурсгалын галерейг үүсгэн байгуулагч түүнийг яагаад бий болгосноо ярив

Араб ертөнц дэх Холокостын анхны байнгын үзмэрүүдийн нэг болох галерей Арабын Нэгдсэн Эмират Улс Израильтай харилцаагаа хэвийн болгосноос хойш жил хүрэхгүй хугацааны дараа, 2021 онд нээгджээ.

Fox News2 мин унших

Зураг: Fox News

Дубай хотын Дубай Крикийн ойролцоох түүхэн байшинд Холокостод алагдсан зургаан сая еврейн дурсгалд зориулсан жижиг галерей Исламын соёл иргэншил, Эмиратын өв, Палестин болон Ариун газрын түүхийн цуглуулгын хажууд байрлаж байгааг Фокс Ньюс мэдээлжээ.

Хувийн өмчит Соёл иргэншлийн уулзвар музейн Холокостын үзэсгэлэн нь Араб ертөнц дэх ийм төрлийн анхны байнгын үзмэрүүдийн нэг юм. Уг үзэсгэлэн Эмират Абрахамын гэрээгээр Израильтай харилцаагаа хэвийн болгосноос хойш жил хүрэхгүй хугацаанд, 2021 оны 5 дугаар сард нээгджээ.

Галерейд нацистын хавчлагыг харуулсан үзмэрүүд бий. Тэдний дунд Варшавын геттогийн алдартай гэрэл зураг дээр гараа өргөн бууж өгч буй хүүгийн бодит хэмжээтэй зураг байна. Мөн галерей Холокостын үеэр еврейчүүдийг аварсан мусульманчуудын, тухайлбал Берлинд еврейчүүдийг нуун хамгаалсан Египетийн эмч Мохаммед Хелмигийн түүхийг өгүүлдэг.

Музейг үүсгэн байгуулагч, Эмиратын Холбооны үндэсний зөвлөлийн гишүүн асан Ахмед Обайд Аль Мансури 1989 оноос түүхэн эд өлгийн зүйл системтэйгээр цуглуулж, 2006 онд гэртээ хувийн музей байгуулжээ. Дараа нь Дубайн эрх баригчид түүхэн барилга олгосноор цуглуулга нь 2014 онд олон нийтэд нээгдсэн байна.

Аль Мансуригийн хэлснээр, түүнд хоёр туршлага нөлөөлжээ. Нэг нь 1990-ээд онд Вашингтон дахь АНУ-ын Холокостын дурсгалын музейд очсон явдал, нөгөө нь АНУ-д антисемитизм өсөж байгаад санаа зовж буйгаа хэлсэн нэгэн еврей танилтайгаа ярилцсан явдал байв. Тэрбээр эхэндээ танилынхаа санаа зовнилыг хүлээж аваагүй ч хожим АНУ-д эмх замбараагүй байдал үүссэн үед антисемит зургууд тарж байхыг хараад бодлоо өөрчилжээ.

Зэ Нэшнл сонины тухайн үеийн мэдээгээр, үзэсгэлэн 2021 оны 5 дугаар сарын 26-нд Израиль, Германаас тус улсад суугаа элчин сайд нарын оролцоотойгоор албан ёсоор нээгджээ.

Зочид галерейг эерэгээр хүлээж авсанд Аль Мансури гайхжээ. Тэрбээр шүүмжлэл ч сонссон боловч галерейг музейн байнгын хэсэг болгохоор шийджээ.

Музейн өөр нэгэн хэсэгт Палестины түүхэн газрын зургууд еврей гар бичмэл, гэрэл зураг, баримт бичгийн хажууд байрладаг. Аль Мансуригийн зорилго нь шашин, улс төрийн ялгааг арилгах биш, тэдгээрийг үл харгалзан хүмүүс бие биенээ хүндэтгэх боломжийг бүрдүүлэх аж.

Бусад мэдээ