ЖетБлю компанийн гүйцэтгэх захирал дампуурал зарлах төлөвлөгөө байхгүй гэж хөрөнгө оруулагчдыг тайвшруулжээ
Компани тансаг зэрэглэлийн аяллын эрэлтэд найдаж, ашигтай ажиллах байдлаа сэргээхийг зорьж байна.

АНУ-ын ЖетБлю агаарын тээврийн компанийн бондын эзэмшигчид бүтцийн өөрчлөлтийн зөвлөх хөлсөлсөн гэх мэдээллийн дараа тус компанийн хувьцаа түүхэн доод түвшинд хүрсэн тул удирдлага нь хөрөнгө оруулагчдыг тайвшруулахыг оролдсоныг Си Эн Би Си телевиз мэдээлжээ.
“Бидэнд дампуурлаа зарлах ямар ч бодол, төлөвлөгөө байхгүй. Бид бүтцийн өөрчлөлтийн ямар ч компанитай хамтран ажиллаж байгаа юм биш” гэж гүйцэтгэх захирал Жоанна Герати өнгөрсөн сард тус телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Мягмар гарагийн хаалтын байдлаар хувьцааны үнэ энэ сард 40 хувиар өссөн ч он гарснаас хойш 12 хувиар буурсан хэвээр байна.
Сэргэлтийн төлөвлөгөөний гол хэсэг нь тансаг зэрэглэлийн аяллын эрэлтийн өсөлт юм. Компани 2024 оны 12 дугаар сард зарласан дотоодын нэгдүгээр зэрэглэлийн шинэ суудлаа Лхагва гарагт Жон Кеннедигийн нэрэмжит олон улсын нисэх буудалд танилцуулна.
Нью-Йоркт төвтэй тус компани хамгийн сүүлд 2019 онд ашигтай ажилласан байна. Компани төлөвлөгөөний дагуу ирэх жил үйл ажиллагаанаасаа ашиг олж, 2028 онд нэгж хувьцаанд ногдох тохируулсан ашгийг 1 ам.долларт хүргэхийг зорьж байна.
Компани 3 дугаар улирлын эцэст 2.2 тэрбум ам.долларын хөрвөх чадвартай хөрөнгөтэй байсан бөгөөд 9 дүгээр сарын 30-ны байдлаар нийт өр нь 8.4 тэрбум ам.доллар байжээ.
Агаарын тээврийн компаниуд түлш, ажиллах хүч, нисэх буудалд гарах зардал нь өсөн нэмэгдэж байгааг нөхөхийн тулд илүү өргөн, үнэтэй суудал нэмэхээр уралдаж байна. Хямд өртөгтэй Фронтиер компани ч Мягмар гарагт нэгдүгээр зэрэглэлийн шинэ суудлаа танилцуулжээ.


