Европын мянга мянган сургуульд хуурамч бөмбөгний заналхийлэл иржээ
Эрх баригчид хэнийг ч буруутгаагүй ч албаныхан, аюулгүй байдлын шинжээчдийн хэлж буйгаар Иран, Орос Европын эсрэг хэрэглэж буй эрлийз дайны тактикийн талаарх санаа зоволтыг энэ хэрэг улам нэмэгдүүлж байна.

Европын мянга мянган сургуульд Лхагва гарагт хуурамч бололтой бөмбөгний заналхийлэл ирж, Италид олон хүнийг бөөнөөр нь нүүлгэн шилжүүлсэн гэж Си Би Эс Ньюс мэдээлжээ. Зөвхөн Италид гэхэд дор хаяж 6300 сургуульд, мөн Ирланд, Их Британийн хэдэн зуун сургуульд заналхийлсэн мессеж иржээ.
Одоогоор аль ч сургуулиас тэсрэх бодис, сэжигтэй төхөөрөмж олдоогүй бөгөөд мөрдөн шалгалт үргэлжилж байна. Үүнээс долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө Европын 20 гаруй арилжааны нислэгт ийм хуурамч заналхийлэл ирж, олон нь чиглэлээ өөрчлөхөд хүрсэн юм.
Сургуулиудад илгээсэн имэйлийг Италийн хэвлэлүүд нийтэлжээ. Имэйлийг Москвад хэдэн жилийн өмнө хориглосон, эмэгтэйчүүдийг үзэн ядагч Оросын хэт даврагч бүлэглэлийн удирдагч гэсэн нэрээр илгээсэн байна. Ижил нэр, бүлэглэлийн нэрээр Ромын нисэх буудлын удирдлагад мессеж ирж, 11 дүгээр сарын 5-нд хуурамч заналхийлэлд өртсөн нислэгүүдээс хоёрт нь заналхийлж байсныг Си Би Эс Ньюс өнгөрсөн долоо хоногт баталжээ.
Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони заналхийллийн ард “бодит аюул” байхгүй гэж мэдэгдээд, үүнийг түгшүүр, санаа зоволт төрүүлэх зорилготой стратеги хэмээн тодорхойлжээ. Тэрбээр энэ хэрэг нислэгт ирсэн заналхийлэлтэй холбоотой эсэхийг хэлэлцэхээр тагнуулын албаныхан, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдтэй уулзалт хийхээр товложээ.
Италийн хэвлэлийн мэдээлснээр, энэ нь сүүлийн нэг сард Италийн сургуулиудад ирсэн гурав дахь давалгаа бөгөөд өмнө нь 10 дугаар сарын 19, 11 дүгээр сарын 2-нд мессеж ирж байжээ. 11 дүгээр сарын 2-нд 280 орчим сургуульд заналхийлэл иржээ.
Ирландын цагдаа заналхийллийг “найдвартай биш” гэж үзэн, аль ч сургуулийг нүүлгэхийг зөвлөөгүй байна. Сургуулиудад ирсэн имэйлүүдийг Их Британиас гадуур илгээсэн бололтой гэж Хойд Ирландын цагдаа мэдэгджээ.
Европ, АНУ-ын хүнсний дэлгүүрийн хөргөх төхөөрөмж, Францын цусны банк руу чиглэсэн кибер халдлагыг олон улсын хэмжээнд шалгаж байна.
Барууны эрх баригчид илүү өргөн хүрээний эрлийз дайны хорлон сүйтгэх ажиллагааг голчлон Орос, Ирантай холбон үзэж байгаа юм.



