Эдийн засаг

АНУ, Ираны хурцадмал байдал намжина гэх найдвар суларч, Брент нефтийн баррелийн үнэ 93.01 ам.долларт хүрлээ

Иран баяжуулсан цөмийн материалаа улсаас гаргахгүй гэж мэдэгдэв. Хормузын хоолойд хөлөг онгоцонд халдсаар байна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

АНУ, Ираны мөргөлдөөн намжина гэх найдвар суларч, нефтийн үнэ өссөөр байна.

Интерфакс агентлагийн мэдээлснээр, Москвагийн цагаар 14:05 цагт Лондонгийн ICE Futures биржид Брентийн нэгдүгээр сарын фьючерс 1.52 ам.доллар буюу 1.66 хувиар өсөж, баррель нь 93.01 ам.долларт хүрчээ. NYMEX биржид WTI-ийн арванхоёрдугаар сарын фьючерс 0.84 ам.доллар буюу 0.98 хувиар өсөж, 86.88 ам.доллар болсон байна.

Тегеран баяжуулсан цөмийн материалыг улсаас гаргахыг зөвшөөрөхгүй гэж Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаи мэдэгджээ. Эдгээр материал цөмийн хөдөлгүүртэй хөлөг онгоц, шумбагч онгоц бүтээх хөтөлбөрт хэрэг болно гэж тэрбээр тайлбарласан байна. Энэ тухай Press TV мэдээлжээ.

“Баяжуулсан цөмийн материалын ганц ч ширхэгийг Иранаас гаргахыг бид зөвшөөрөхгүй” гэж Резаи хэлсэн байна. Тегерантай хийх аливаа анхны хэлэлцээнд цөмийн асуудал багтах ёстой гэж Вашингтон өмнө нь мэдэгдэж байсан юм.

“Хурцадмал байдал удахгүй намжина гэх итгэл суларч байгаа нь нефтийн үнийг дэмжиж байна” гэж UBS банкны шинжээч Жованни Стауново хэлжээ.

Хормузын хоолойд хөлөг онгоцонд халдсаар байгаад арилжаачид санаа зовж буй нь ч үнийг өсгөж байна. Их Британийн Тэнгисийн худалдааны үйл ажиллагааны газар арваннэгдүгээр сарын 10-нд Оманы Мусандам мужийн ойролцоо танкерт халдлага болсныг мэдээлжээ. Тегераны зөвшөөрөөгүй замаар явсан гурван танкерийг Хормузын хоолойд дэлбэлснээ Исламын хувьсгалын харуулын корпус өмнөх өдөр мэдэгджээ.

Вашингтоны Ойрхи Дорнодын бодлогын хүрээлэнгийн мэдээллээр, аравдугаар сард бүс нутагт 37 хөлөг онгоц халдлагад өртсөн нь Ойрхи Дорнодын дайн эхэлснээс хойших сарын хамгийн өндөр үзүүлэлт юм.

Бусад мэдээ