АНУ-ын хэрэглэгчид мөнгө зарцуулсаар байгаа ч үнийн өсөлтийн дарамт мэдрэгдэж эхэлжээ
Электрон бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн зарцуулалт хамгийн их өсөж тэргүүлсэн бол тавилгын борлуулалт буурчээ.

АНУ-д жижиглэнгийн борлуулалт 10 дугаар сард сүүлийн бараг нэг жилийн хамгийн удаан хурдаар өсөж, америкчууд өндөр үнийн дарамтыг мэдэрч буй шинж тэмдэг илэрч байгааг Си Эн Би Си телевиз болон Үндэсний жижиглэн худалдааны холбооны хамтарсан судалгаа харуулжээ.
Лхагва гарагт нийтлэгдсэн мэдээгээр, улирлын нөлөөг арилгасан нийт жижиглэнгийн зарцуулалт 10 дугаар сард 561.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 0.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өсчээ.
Ресторан, хоолны газрын зардлыг оруулаагүй үндсэн жижиглэнгийн зарцуулалт өмнөх сараас 0.3 хувиар өсөж 454.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өндөр байна.
Нийт зарцуулалтын сарын өсөлт 2025 оны 11 дүгээр сараас хойших хамгийн бага үзүүлэлт болсон нь өндөр үнийн дарамтаас болж худалдан авагчид юу авахаа илүү нягт сонгох болсныг харуулж байна. Тус холбооны хэлснээр, Хэллоуины баярын үеэр худалдаа идэвхтэй байж, баярын хямдрал эрт эхэлсэн тул үзүүлэлт үүнээс ч доош буугаагүй байна.
“Өрхүүд төсвөө анхааралтай зохицуулж, мөнгөө хэмнэхийн тулд худалдан авалтаа хямдрал, урамшууллын үетэй давхцуулж байна” гэж Үндэсний жижиглэн худалдааны холбооны гүйцэтгэх захирал Мэттью Шей хэлжээ.
Нийт 11 салбарын есөнд нь зарцуулалт өмнөх оны мөн үеэс өссөн бөгөөд электрон бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн салбар 9.3 хувийн өсөлтөөр тэргүүлжээ. Харин тавилга, гэр ахуйн тохижилтын барааны борлуулалт 10 дугаар сард 0.2 хувиар буурсан нь орон сууцны зээлийн хүү өсөж, үл хөдлөх хөрөнгийн зах зээл царцсантай холбоотой байж магадгүй юм.
Бие даасан бизнес эрхлэгчдийн үндэсний холбооны судалгаагаар, бизнес эрхлэгчдийн цэвэр 37 хувь нь ирэх гурван сард үнээ өсгөхөөр төлөвлөж байгаа нь 2022 оны 7 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.



