Технологи

АНУ-ын ХНС-ын судалгаа: Оролцогчид хиймэл оюун ухааныг санхүүгийн системийн хамгийн том эрсдэл гэж үзжээ

Оролцогчид өр, хувьцааны үнэлгээ, кибер аюулгүй байдлын эрсдэлийг хиймэл оюун ухаантай холбож байна.

CNBC2 мин унших

Зураг: CNBC

Баасан гарагт нийтэлсэн Холбооны нөөцийн сангийн (ХНС) судалгаанд оролцогчдын үзэж байгаагаар хиймэл оюун ухаанаас үүдэх аюул санхүүгийн системийн хамгийн том эрсдэлийн жагсаалтыг тэргүүлж, бусад бүх аюулаас хол давлаа.

Төв банкны жилд хоёр удаа гаргадаг янз бүрийн аюулын тоймд өр, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, аюулгүй байдлын эрсдэл зэрэг хэд хэдэн чиглэлээр хамгийн том аюул хиймэл оюун ухаанаас үүдэлтэй гэж хариулсан оролцогчдын тоо огцом өссөн байна.

“Оролцогчид санаа зовоосон гурван тодорхой чиглэлийг онцолсон: (1) хувьцааны өндөр үнэлгээ болон ашиг хүлээгдэж байснаас бага гарвал үнэлгээ буурч, зах зээл засвар хийх магадлал; (2) чадварлаг төрийн оролцогчдын хорлонтой халдлага эсвэл тэргүүлэх хиймэл оюун ухааны загваруудын өөрсдийнх нь учруулах хохирлоос үүдэх кибер аюулгүй байдлын эрсдэл; (3) хиймэл оюун ухаантай холбоотой санхүүжилтийн нарийн хэлбэрүүдтэй холбоотой эрсдэл” гэж тайланд дурджээ.

Тайлан Уолл-стрит хиймэл оюун ухааны томоохон компаниудаас болгоомжилж, энэ технологийг ажиллуулдаг дата төвүүд хурдацтай нэмэгдэж буйд иргэд сэрэмжилж байгаа үед гарчээ. Сонгуулийн дараах санал асуулгаар энэ сарын дунд хугацааны сонгуульд санал өгсөн иргэдийн 56 орчим хувь нь дата төвийн асуудал саналаа өгөхөд нь нэн чухал эсвэл томоохон ач холбогдолтой байсан гэж хариулжээ.

Судалгаанд зах зээлийн оролцогчид, эдийн засагчид, шинжээчид, байгууллагуудын төлөөлөгчид оролцсон бөгөөд тайланд сонгуулиас хэдхэн хоногийн өмнө буюу аравдугаар сарын 28 хүртэлх хугацааг хамруулсан байна.

Оролцогчдын 87 хувь нь хиймэл оюун ухааныг системийн “тулгамдсан эрсдэл” гэж нэрлэсэн нь энэ оны хаврын судалгааны 50 хувиас өсчээ. Энэ нь хоёрдугаарт орсон эрсдэл болох эрсдэлтэй хөрөнгийн үнийн засварыг дурдсан 52 хувиас хол давж байна.

Бусад гол эрсдэлд урт хугацааны хүүгийн өсөлт (48 хувь), кибер халдлага (43 хувь), төсвийн өрийн тогтвортой байдал (43 хувь) багтжээ. АНУ-ын өр 40 их наяд ам.доллараас давж, төсвийн алдагдал 2 их наяд ам.долларт ойртоод байгаа юм.

Систем ерөнхийдөө тогтвортой гэж тайланд дүгнэсэн ч хедж сангуудын зээлийн хөшүүрэг 2013 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч, харьцангуй цөөн бүлэгт төвлөрсөн байгааг дурджээ.

Бусад мэдээ