АНУ-ын Конгрессын хяналт шилжсэн ч Хятадын бодлого төдийлөн өөрчлөгдөхгүй гэж шинжээчид үзэж байна
Хятадын сошиал сүлжээнд сонгуулийн дүнгээс илүү АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлт хэлэлцэгдэж байжээ.
АНУ-ын завсрын сонгуульд Ардчилсан нам хоёр танхимд ялсан ч Вашингтоны Хятадын бодлого төдийлөн өөрчлөгдөхгүй гэж шинжээчид үзэж байгааг Чөлөөт Азийн радио мэдээлэв.
«Хятадын талаарх бодлого үнэндээ нам хоорондын зөвшилцөл болсон» гэж Тайваний Улс төрийн их сургуулийн Олон улсын харилцааны судалгааны төвийн ахлах судлаач Сун Гочэн хэлжээ. Ардчилсан нам Конгрессыг хянах болсноор Трампын дотоод хууль тогтоомж илүү хязгаарлагдах ч гадаад бодлого, худалдаа, батлан хамгаалахад түүнд өргөн эрх үлдэнэ гэж тэрбээр тайлбарласан байна.
Тайванийн хувьд ч хоёр нам ижил байр суурьтай гэж Сун Гочэн үзэж байгаа аж. Хоёр намын гишүүд 14 тэрбум долларын зэвсгийн багцыг батлахыг Трампаас шаардаж ирсэн гэж тэрбээр дурджээ.
Сонгууль бол АНУ-ын дотоод асуудал гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин лхагва гарагт хэлсэн байна.
Пүрэв гарагийн өглөөний 10 цагт Вэйбо сүлжээний эрэлттэй сэдвийн эхний 50-д сонгуулийн дүн ороогүй бол АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлт дөрөвдүгээрт бичигдэж байжээ.
Хоёр орны цэргийн албан тушаалтнууд 11 дүгээр сарын 2-3-нд Вашингтонд уулзаж, цэргийн эрсдэлийг бууруулах, яаралтай холбоог сайжруулах асуудлыг хэлэлцсэн юм.

