Хонконгийн идэвхтэн Жошуа Вонд гадаад хүчинтэй хуйвалдсан хэргээр 10 жилийн ял оноожээ
Шүүх 13 жилээс эхлэн тооцож, гэм буруугаа хүлээж хөнгөрүүлэхийг хүссэн тул гурван жилээр бууруулсан нь онц хүнд хэргийн доод хэмжээ юм.

Хонконгийн ардчиллын идэвхтэн Жошуа Вонд Дээд шүүх үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу гадаад хүчинтэй хуйвалдсан хэргээр пүрэв гарагт 10 жилийн хорих ял оноосон гэж Би Би Си мэдээлэв.
Өнгөрсөн сард 30 нас хүрсэн Вон бараг зургаан жил шоронд байгаа юм. Тэрбээр ардчилсан хүчний анхан шатны сонгуультай холбоотой 47 хүний хэрэгт ял эдэлж, 2027 оны 1 дүгээр сард суллагдах төлөвтэй байв.
Шүүгч шийтгэл нь хүмүүсийг ийм үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой байх ёстой гэж тайлбарлажээ.
Хуулиар энэ гэмт хэрэгт гурваас 10 жил хүртэл, онц хүнд бол 10 жилээс бүх насаар хорих ял оноодог. Энэ нь Жимми Лайгийн дараа Хонконгт ийм зүйлээр яллагдсан хоёр дахь хэрэг юм.
Прокурорын зүгээс Вон Натан Лоутой хамтран 2020 оны 7 дугаар сарын 1-ээс 11 дүгээр сарын 23-ны хооронд Хонконг, Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахуулахаар хуйвалдсан гэж үзсэн. Тэд АНУ-д Нэнси Пелоси, Марко Рубио нартай уулзаж, Хонконгийн хүний эрх, ардчиллын тухай хуулийг дэмжсэн гэж яллах талаас мэдэгджээ.
Вон 2026 оны 9 дүгээр сарын 2-нд гэм буруугаа хүлээсэн юм. Шүүх хурлын дараа үзэгчдийн зарим нь түүнд гар даллан «Чамайг гарч ирэхийг хүлээж байна» гэж хэлжээ.
Вон 14 настайдаа сурагчдын Скаларизм байгууллагыг үүсгэн байгуулж, 2012 онд ойролцоогоор 120 мянган хүний цуглааныг зохион байгуулснаар засгийн газар үндэсний боловсролын хичээлийг түр хойшлуулжээ. Тэрбээр 2014 оны Шүхрийн хөдөлгөөнд гол үүрэг гүйцэтгэсэн.
Натан Лоу аюулгүй байдлын хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хонконгоос гарч, одоо Их Британид улс төрийн орогнол авсан байна. Хонконгийн цагдаа 2023 оны 7 дугаар сард түүнийг баривчлахад 1 сая Хонконг долларын шагнал зарласан юм.