Хиймэл оюунтай холбоотой бараа дэлхийн худалдааны өсөлтийн 47 хувийг бүрдүүлжээ
Өгөгдлийн төвийн бүтээн байгуулалт худалдааг тэтгэж байгаа ч энэ барааны экспорт цөөн эдийн засагт төвлөрч байна.
Хиймэл оюунтай холбоотой барааны худалдаа энэ оны эхний хагаст дэлхийн барааны худалдааны өсөлтийн 47 хувийг бүрдүүлсэн гэж Чайна Ньюс сайт Дэлхийн худалдааны байгууллагын тайланг иш татан мэдээлэв.
10 дугаар сард гарсан тайлангаас үзэхэд ийм барааны худалдаа жилийн өмнөхөөс 67 хувиар өсчээ. Байгууллага 2026 онд дэлхийн барааны худалдааны хэмжээ 3.9 хувиар өснө гэж таамгаа шинэчилсэн бөгөөд 3 дугаар сард энэ үзүүлэлтийг 1.9 хувь гэж тооцож байсан юм.
Энэ өсөлт хиймэл оюуны дэд бүтцийн хөрөнгө оруулалттай нягт холбоотой юм. Өгөгдлийн төвүүдэд сервер, сүлжээний төхөөрөмж, цахилгаан хангамж, хөргөлтийн систем их хэмжээгээр шаардлагатай аж. Энэ онд ийм хөрөнгө оруулалт наад зах нь 30 хувиар нэмэгдэнэ гэж байгууллага тооцоолжээ.
Албан ёсны худалдааны статистикт хиймэл оюун гэсэн тусгай ангилал байхгүй тул байгууллага 2025 онд 104 төрлийн барааны жагсаалт гаргасан юм.
Тайлангийн мэдээгээр 2025 онд ийм барааны экспортын ойролцоогоор 85 хувь 10 эдийн засагт төвлөрчээ.
«Хиймэл оюун хоцорч яваа орнуудад технологийн саад бэрхшээлийг давах шинэ боломж олгохын зэрэгцээ технологи, дэд бүтэц, хүний нөөцийн зөрүүгээс болж дижитал ялгааг улам гүнзгийрүүлж магадгүй» гэж Хятадын Олон улсын бизнес, эдийн засгийн их сургуулийн профессор Ван Жимин хэлжээ.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын 2026 оны дэлхийн хөрөнгө оруулалтын тайланд дурдсанаар хиймэл оюун, хагас дамжуулагч зэрэг салбарын олон улсын хөрөнгө оруулалт улам төвлөрч, хөгжиж буй олон орон хангалттай оролцож чадахгүй байна.
