Бизнес

Ардчилсан нам Трампын засаг захиргаа хувийн компаниудын хувьцаа эзэмшихэд саад учруулж болзошгүй

Конгрессын хоёр танхимд олонх болох Ардчилсан намынхан засгийн газартай хувьцааны гэрээ байгуулсан компаниудыг нягт шалгах дохио өгчээ.

CNBC2 мин унших

Зураг: CNBC

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп холбооны засгийн газрыг хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаанд урьд өмнө байгаагүй байдлаар оролцуулж ирсэн ч дунд хугацааны сонгуульд ялсан Ардчилсан нам 1 дүгээр сард Конгрессын хоёр танхимыг хяналтандаа авсны дараа энэ байдал өөрчлөгдөж мэдэхийг Си Эн Би Си телевиз мэдээлжээ.

Ардчилсан намынхан Трамп, түүний гэр бүл, бизнесийн түншүүдтэй холбоотой гэх авлигыг илрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ерөнхийлөгчийн таалалд нийцэхийг эрмэлзсэн компаниудыг нягт шалгана гэдгээ илэрхийлжээ. Мөрдөн шалгалт Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд засгийн газартай хувьцааны гэрээ байгуулсан Интел болон бусад олон арван компанийг хамарч болзошгүй.

Ниппон Стийл компани Ю Эс Стийлийг худалдан авах гэрээний хүрээнд засгийн газар 2025 оны 6 дугаар сард бусад хувьцаа эзэмшигчдийг давамгайлах эрх бүхий “алтан хувьцаа” авч, Трампад цалин, хөрөнгө оруулалт, тэр ч байтугай компанийн нэрийн асуудлаар хориг тавих эрх олгосон юм.

Сарын дараа засаг захиргаа газрын ховор элементийн компани болох Эм Пи Материалстай 400 сая ам.долларын хувьцааны гэрээ байгуулж, дараагийн сард нь Интел компанийн 10 хувийг эзэмшихээ зарлажээ. Като хүрээлэнгийн мэдээллээр, засаг захиргаа 1 дүгээр сар гэхэд 14 компанид ямар нэг хэлбэрийн хувьцааны оролцоотой болсон бол 11 дүгээр сар гэхэд энэ тоо 41-д хүрчээ. Үүнд хэлэлцээ нь үргэлжилж буй гэрээ ч багтана.

Трамп Конгресс дахь улс төрийн хүчээ алдах дөхсөн ч засгийн газраа компаниудтай хувьцааны гэрээ байгуулахыг үргэлжлүүлэн чиглүүлж магадгүй гэж Индиана их сургуулийн дэд профессор Сара Бауэрле Данзман үзжээ. “Түүнд алдах зүйл бага гэж бодож магадгүй” гэж тэрбээр хэлэв.

Засаг захиргаа сайн дурын хувьцааны хөрөнгө оруулалтаар дамжуулан Америкийн аж үйлдвэрийн баазыг сэргээж, чухал үйлдвэрлэлийг эх оронд нь буцаахаар хувийн хэвшилтэй түншилж байна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миддлтон мэдэгджээ.

Бауэрле Данзманы таамаглалаар, Ардчилсан намынхан одоо байгаа гэрээг цуцлахыг оролдохгүй байсан ч хяналтаа чангатгахыг эрмэлзэж магадгүй бөгөөд сонгуульд хүнд ялагдсаны дараа зарим Бүгд найрамдах намынхан ч тэдэнтэй нэгдэж болзошгүй аж.

Бусад мэдээ