Австралийн хамгийн том газрын тос, байгалийн хийн компани 500 ажлын байр цомхотгоно
Вүүдсайд Энержи компани 2028 оноос жилд 550 сая долларын зардал хэмнэхээр төлөвлөжээ.
Австралийн хамгийн том газрын тос, байгалийн хийн компани Вүүдсайд Энержи дор хаяж 500 ажлын байр цомхотгохоо зарласан гэж Австралийн Эй Би Си телевиз мэдээлэв.
Энэ нь компанийн нийт ажилтнуудын бараг 10 хувь юм. Ажилтнуудын ойролцоогоор 80 хувь нь Австралид ажилладаг ч хэдэн ажлын байрыг тус улсад цомхотгох нь тодорхойгүй аж.
Цомхотгол нь хөрөнгө оруулагчдын өгөөжийг нэмэгдүүлэх стратегийн нэг хэсэг юм. Гүйцэтгэх захирал Лиз Весткотт Пилбарагийн эргээс ойролцоогоор 375 километрийн зайд орших Скарборо хийн төсөл 80 хувь дууссан бөгөөд хэдхэн долоо хоногийн дараа анхны ачаагаа тээвэрлэнэ гэж мэдэгджээ.
Энэ нь мөн Баруун Австралийн уул уурхайн салбарт тохиосон ээлжит цохилт болжээ.
Төмрийн хүдрийн салбарт энэ онд хэд хэдэн цомхотгол болсон юм. Жина Райнхартын Хэнкок Айрон Ор компани 6 дугаар сард Рой Хилл уурхайдаа цомхотгол хийснээ баталж, Би Эйч Пи компани 10 дугаар сард Пилбарад 300 хүртэлх ажлын байр цомхотгохоо зарласан.
«Бид уул уурхайн муж, байгалийн хий бол манай эрчим хүчний хангамжийн салшгүй хэсэг» гэж Баруун Австралийн Сангийн сайд Рита Саффиоти хэлжээ. Тэрбээр цомхотголд маш их сэтгэл дундуур байгаагаа ч илэрхийлсэн байна.
Ногоон намын төлөөлөгч Софи Макнилл энэ цомхотгол компани уруудаж буйг нотолж байна гэж үзээд Скотт Рифт хий олборлохыг хориглох ёстой гэж шаарджээ.
Скотт Риф бол Кимберлигийн эргийн ойролцоох маргаантай Браус төслийн нэг хэсэг юм. Компани уг ордыг Австралийн хамгийн том, ашиглагдаагүй нөөцийн нэг гэж тодорхойлдог.
