Австралийн мужууд эрүүл мэндийн зардлаа нөхүүлэхээр тамхины компаниудыг шүүхэд өгч болно гэсэн санал гарчээ
Мужууд 50 тэрбум доллар хүртэл нөхөн төлбөр нэхэмжилж болно гэж хуульч асан Нил Франси үзэж байна.

Австралийн мужийн засгийн газрууд улсын эмнэлэг, эрүүл мэндийн тусламжийн зардлаа нөхүүлэхээр тамхины компаниудаас хэдэн тэрбум доллар нэхэмжилж болно гэсэн санал гарчээ. Саналыг хуульч асан боловсруулжээ. Тэрбээр тамхины утаа хажуугийн хүнд уушгины хорт хавдар үүсгэдгийг хууль зүйн хувьд тогтооход тусалж байсан юм.
The Guardian сонины мэдээлснээр, Өмнөд Австрали мужийн засгийн газар уг саналын талаар албан ёсоор зөвлөгөө авч байгаа бол бусад муж судалж байна. Мужууд холбооны шүүхэд хандаж, эрүүл мэндийн зардал болон хорт хавдрын шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг санхүүжүүлэхэд 50 тэрбум доллар хүртэл нөхөн төлбөр нэхэмжилж болно гэж Сиднейн эрүүл мэндийн хуулийн судалгааны хамтрагч Нил Франсигийн боловсруулсан саналд дурджээ.
Санал нь Австралийн тамхины зах зээлд ноёлж буй Бритиш Американ Тобакко, Филип Моррис, Империал Брэндс компаниуд болон тэдгээрийн гадаад дахь толгой компаниудын эсрэг чиглэж байна. Франси уг компаниудыг Австралийн хэрэглэгчийн тухай хуулийн дагуу олон арван жилийн турш төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэж болно гэж үзэж байна.
“Тамхины үйлдвэрлэл олон арван жилийн турш тамхи татагчдыг бүтээгдэхүүнийхээ хор хөнөөл, донтуулах шинжийн талаар төөрөгдүүлж, будлиулан шударга бусаар баяжсан” гэж саналд дурджээ. Бритиш Американ Тобакко компанийн Австрали дахь хэвлэлийн төлөөлөгч гарч болзошгүй нэхэмжлэлийн талаар тайлбар өгдөггүй гэсэн бол Филип Моррис, Империал Брэндс хариу өгөөгүй байна.
Санал нь мужуудын 2000 оноос хойш гаргасан эрүүл мэндийн зардлыг нөхүүлэхийг зорьж байна. Тэр үед тамхины үйлдвэрлэлийн дотоод баримт бичиг нийтлэгдэж, тамхи татах нь ноцтой өвчин үүсгэдгийг компаниуд мэдэж байсан ч нотолгоог нууцалсан нь илэрсэн юм. “Тавин тэрбум, магадгүй түүнээс ч их дүнг үндэслэлтэй гэж бодож байна” гэж Франси хэлэв.
Саналын амжилт олох магадлал, өмнөд австраличуудад өгөх ач тусын талаар зөвлөгөө авч байгаа, муж өөрөө нягт судлах нь чухал гэж Өмнөд Австралийн Эрүүл мэндийн сайд Блэр Бойер хэлжээ. Шинэ Өмнөд Уэльс мужийн эрүүл мэндийн сайдын хэвлэлийн төлөөлөгч саналыг нягт хянана гэсэн бол Квинсланд муж хууль бус тамхи, электрон тамхины наймааны эсрэг хуульд анхаарч байгаа бол Баруун Австрали муж тамхины хууль тогтоомжийг чангатгах, хэрэгжилтийг хангахад анхаарч байна гэжээ.
Энэ хуулийн санаачилга гадаад дахь хэргүүдийн жишгийг дагаж байгаа юм. 1998 онд АНУ-ын томоохон тамхины компаниуд мужуудын ерөнхий прокуроруудтай нөхөн төлбөрийн гэрээ байгуулсан бол 2025 онд Канадад гурван томоохон тамхины компанид тамхины хор хөнөөлийн төлөө хэдэн тэрбум долларын нөхөн төлбөр төлөхийг тушаажээ.



