Австралийн Төв банк энэ онд тав дахь удаа бодлогын хүүгээ өсгөжээ
Хүү 2008 оноос хойших дээд түвшинд хүрч, шийдвэрийн талаар удирдах зөвлөл хоёр хуваагдсан байна.

Австралийн Нөөцийн банк Ойрхи Дорнодын дайнаас үүдэлтэй нефтийн цочролын дунд инфляцийг хянахын тулд бодлогын хүүгээ 4.6 хувиас 4.85 хувь болгож өсгөсөн гэж Гардиан сонин мэдээлжээ.
Инфляц есдүгээр сар хүртэлх жилд 4.3 хувьд хүрсэн байна. Зөвлөлийн зургаан гишүүн хүү өсгөхийг дэмжиж, гурав нь хэвээр үлдээхийг санал болгожээ.
Хүү 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн юм.
Канстар компанийн тооцоогоор 700 мянган долларын орон сууцны зээлийн сарын хүүгийн төлбөр 107 доллараар нэмэгдэж, энэ оны таван удаагийн өсөлтөөр нийт 532 доллараар өсөх аж.
Төв банкны таамгаар инфляц оны сүүлч хүртэл өсөж, ирэх оны эцэс гэхэд л 3 хувиас доош орох юм. Эдийн засаг энэ онд 1.6 хувь, 2027 онд 1.3 хувь өсөх төлөвтэй байна.
Ажилгүйдэл одоогийн 4.7 хувиас ирэх оны эцэст 4.9 хувь болж, 2028 онд 5 хувиас давах төлөвтэй. Гэхдээ ойрын хоёр жилд эдийн засгийн уналт болох шинж ажиглагдахгүй гэж банкны эдийн засагчид үзэж байна.



