Уул уурхай

Австралийн засгийн газар Виктория мужийн газрын ховор элементийн уурхайд 180 сая доллар хөрөнгө оруулав

Ашиглалтад орсны дараа уг уурхай Хятадаас гадна дэлхийн дөрөвдүгээрт орох газрын ховор элементийн уурхай болох ч нутгийн тариаланчид тариалангийн шилдэг газраа алдахыг эсэргүүцэж байна.

ABC News (Australia)Nethma Dandeniya3 мин унших

Зураг: ABC News (Australia)

Австралийн засгийн газар баруун Виктория мужид төлөвлөж буй маргаантай Доналд газрын ховор элемент, ашигт малтмалын элсний төсөлд болзолтойгоор 180 сая доллар хөрөнгө оруулжээ. Энэ тухай Эй Би Си Ньюс мэдээлэв. Астрон корпорацийн Доналд дахь уурхай ашиглалтад орсны дараа Хятадаас гадна дэлхийн дөрөвдүгээрт, Австралид хоёрдугаарт орох газрын ховор элементийн уурхай болно.

Засгийн газрын хоёр агентлаг болох Үндэсний сэргээн босголтын сангийн корпораци болон Австралийн экспортын санхүүжилтийн агентлаг төслийг дэмжих зорилгоор харгалзан 110 сая доллар, 70 сая доллар хүртэлх санхүүжилтийг болзолтойгоор баталжээ. Уурхай нь орон нутагт бүртгэлтэй Астрон корпораци болон аль хэдийн 183 сая доллар санхүүжүүлсэн АНУ-ын ураны томоохон компани Энержи Фьюэлс компанийн хамтарсан төсөл бөгөөд одоогоор төсөлд нийт 360 сая доллар амлагдаад байна.

Уурхай 500 орчим хүн амьдардаг Уиммера бүсийн Миньип хэмээх тариаланч хотхоны ойролцоо байрлана. Астрон корпораци 2700 гектар хүртэлх талбайд цирконий, титан зэрэг чухал ашигт малтмал, мөн неодим, празеодим зэрэг газрын ховор элемент олборлохоор төлөвлөж байгаа бөгөөд нэмэлт 40000 гектар талбайд хайгуулын болон хадгалах тусгай зөвшөөрөлтэй. Хүдрийг АНУ руу тээвэрлэсний дараа түүнээс бага хэмжээний уран ч гаргаж авна.

Газрын ховор элемент нь салхин турбин, цахилгаан автомашин зэрэг цэвэр эрчим хүчний технологи үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой бол цирконий, титаныг эмнэлгийн хэрэгсэл, будаг зэрэг ахуйн бараанд ашигладаг. Астрон корпорацийн гүйцэтгэх захирал Тайгер Браун засгийн газрын агентлагуудын «томоохон хөрөнгө оруулалтад» талархаж байгаагаа илэрхийлээд, санхүүжилт нь дэлхийн хэмжээнд ач холбогдолтой Доналд төсөлд үзүүлсэн том итгэл гэжээ.

Төсөл хоёр үе шаттайгаар 52 жил ашиглагдахаар төлөвлөгдсөн бөгөөд үндэсний стратегийн ач холбогдлыг нь харгалзан томоохон төслийн статус авсан, Виктория мужийн засгийн газар бүрэн баталсан. Брауны хэлснээр, Христийн Мэндэлсний Баярын өмнө барилгын ажлыг эхлүүлэхийн тулд компани зөвшөөрлийн нэг алхмыг дуусгах шаардлагатай бөгөөд олборлолт 2028 онд эхэлнэ. Компанийн таамаглаж буйгаар, төсөл бүс нутгийн эдийн засагт жил бүр 205 сая доллар оруулж, барилгын 200, үйл ажиллагааны байнгын 150 ажлын байр бий болгоно.

Байгалийн баялгийн сайд Маделин Кинг Австрали дэлхийн хамгийн баялаг чухал ашигт малтмалын ордуудтай гэж хэлэв. «Доналд ашигт малтмалын элсний төсөл Австралийг олон улсын түншүүд, холбоотнууддаа чухал ашигт малтмалыг илүү найдвартай нийлүүлэгч болгоно» гэж тэрбээр мэдэгджээ.

Мянга гаруй гектар тариалангийн шилдэг газрыг ухаж, дор хаяж нэг байшинг уурхайд зай гаргахын тулд амьдрах боломжгүй болгох тул нутгийн тариаланчид төслийг удаан хугацаанд эсэргүүцсээр ирсэн. Дөрөв дэх үеийн тариаланч Пол Троттерын хэлснээр, түүний 320 орчим гектар газар уурхайн замд таарч байгаа бөгөөд тэрбээр түүнийгээ хүнсний үйлдвэрлэлд үлдээхээр тэмцэж байна. Бусад тариаланч газрыг үр ашигтай түвшинд нөхөн сэргээнэ гэсэн амлалт, уурхайгаас ачаа тээвэрлэх нэмэлт ачааны машиныг нутгийн замууд даах эсэхэд эргэлзэж байна.

Бусад мэдээ