Белгород мужид дроны халдлагад нэг эмэгтэй амиа алдаж, 6 хүн шархаджээ
Белгород, Шебекино хотод дроны цохилтоор аж ахуйн нэгж, орон сууцны байшин, олон автомашин эвдэрчээ.

Белгород мужид сүүлийн халдлагуудын улмаас нэг эмэгтэй амиа алдаж, 6 хүн шархадсан тухай мужийн шуурхай штаб мэдээлэв. Хоёр аж ахуйн нэгж, нэг дэд бүтцийн байгууламж эвдэрсэн байна.
Грайворон дүүргийн Казачья Лисица тосгонд дрон дэлбэрч, нэг эмэгтэй амиа алдав.
Белгород хотод нисгэгчгүй онгоц нэгэн аж ахуйн нэгжид цохилт өгч, хоёр эрэгтэй хөлөндөө нэвт ороогүй шарх авчээ. Нэг ачааны, 5 суудлын автомашин эвдэрсэн байна. Өөр нэг нисгэгчгүй онгоц дэлбэрэхэд ачааны машины бүхээгт гал гарсан ч түүнийг унтраажээ.
Белгород дүүргийн Северный тосгонд нисгэгчгүй онгоц дэд бүтцийн байгууламж руу дайрч, нэг эрэгтэйн нүүрэнд хэлтэрхий тусав.
Октябрьский тосгонд FPV дрон автомашин руу дайрч, өөрийгөө хамгаалах ангийн нэг дайчин бэртжээ. Тэрбээр Белгород хотын 2 дугаар эмнэлэгт хандахад акубаротравма буюу дэлбэрэлтийн чимээ, даралтаас үүдэлтэй гэмтэл авсан нь тогтоогджээ.
Шебекино хотод FPV дрон дэлбэрч, нэг иргэний шилбэнд хэлтэрхий тусчээ. Өглөө ачааны машин руу дрон дайрахад акубаротравма авсан өөр нэг эрэгтэйг эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Тус хотод бас нэг дрон орон сууцны олон давхар байшинг онож, байшингийн гадна хана, цонх эвдэрчээ. Өөр нэг FPV дрон дэлбэрэхэд ачааны болон суудлын автомашин хэлтэрхийд өртжээ.
Ржевка тосгонд FPV дрон довтолж, нэгэн аж ахуйн нэгжийн захиргааны байрны цонхны шил хагарч, 4 автомашин эвдэрчээ.



