Дэлхий

Европын комисс Украинд зэвсэг худалдан авахад 1.71 тэрбум евро олголоо

Украинд энэ удаа олгож буй 1.71 тэрбум еврогийн 40 орчим хувь нь Европын холбооны компаниудтай байгуулсан гэрээнд зарцуулагдана.

Интерфакс2 мин унших

Зураг: Интерфакс

Европын комисс нисгэгчгүй онгоц, сум, агаарын довтолгооноос хамгаалах систем худалдан авахад зориулан Украинд дахин 1.71 тэрбум евро олгосноо зарлав.

“Өнөөдөр бид Украинд нисгэгчгүй онгоц, сум, агаарын довтолгооноос хамгаалах систем худалдан авахад 1.71 тэрбум евро олголоо. Бид Украинд тууштай дэмжлэг үзүүлсээр байх болно (...). Мөн бид Украины бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, түүнчлэн бүх Европын аюулгүй байдлыг хангах шударга, тогтвортой энх тайвны төлөө ажилласаар байна” гэж Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгдэв.

Хэвлэлийн мэдээнд дурдсанаар, 1.71 тэрбум евро нь Киевт зориулсан нийт 90 тэрбум еврогийн зээлийн дэмжлэгийн хөтөлбөрийн (Ukraine Support Loan) хүрээнд олгогдож байна.

Хөрөнгийг Украины яаралтай цэргийн хэрэгцээг хангахын тулд нисгэгчгүй онгоц, сум, мөн эрт илрүүлэх радар, пуужин зэрэг агаарын довтолгооноос хамгаалах систем худалдан авахад зарцуулна.

Энэ нь зээлийн хөтөлбөрийн батлан хамгаалах хэсгийн хүрээнд Украинд олгож буй найм дахь удаагийн санхүүжилт юм.

“Хөрөнгийг Украин болон Европын үйлдвэрлэгчдээс батлан хамгаалахын тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна. Нийт дүнгийн 40 орчим хувийг Европын холбоонд төвтэй компаниудтай байгуулсан гэрээг биелүүлэхэд чиглүүлнэ” гэж Брюсселээс тодруулжээ.

Украин 2026 оны эцэс хүртэл Европын холбооноос 23.6 тэрбум еврогийн санхүүгийн тусламж авах боломжтой хэвээр байна.

Үүнд зээлийн дэмжлэгийн хөтөлбөрийн 19.2 тэрбум орчим евро багтана. Үүнээс 10.2 тэрбум евро нь Украины батлан хамгаалах үйлдвэрлэлийн чадавхыг хөгжүүлэх, 9 тэрбум евро нь төсвийн дэмжлэгт зориулагдсан.

Түүнчлэн Украин энэ онд зээлийн хөтөлбөрөөс гадна Ukraine Facility сангаас бараг 4.4 тэрбум еврогийн төсвийн дэмжлэг авах боломжтой.

Эдгээр санхүүжилтийг олгох эсэх нь холбогдох эрх зүйн актад заасан шаардлагыг биелүүлэхээс хамаарна гэж Европын комисс мэдэгджээ.

Бусад мэдээ