Binance Хойд Солонгостой холбоотой кибер халдлагын бүх хохирлыг нөхсөнөө мэдэгдэв
Тус компани хохирлыг нөхөхөд өөрийн 6.34 тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг зарцуулжээ.

Дэлхийн криптовалютын Binance бирж Хойд Солонгост холбогдуулж буй томоохон кибер халдлагын улмаас алдсан хөрөнгийг нөхөх ажлаа дуусгаснаа пүрэв гарагт мэдэгдлээ.
“Binance аюулгүй байдлын зөрчилд өртсөн хөрөнгийг бүрэн нөхсөн” гэж компани цахим хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
Компани хохирлыг нөхөхөд хэрэглэгчдийн хөрөнгийн хамгаалалтын сан, фьючерсийн даатгалын сан, компанийн сангийн хөрөнгийг ашиглаж, өртсөн криптовалютыг зах зээл болон биржээс гадуурх арилжаагаар худалдан авсан байна.
“Хэрэглэгчийг хамгаалах яаралтай нөөц сан бүрэн хүчин чадалтай байлгахын тулд түүнийг 1 тэрбум орчим ам.доллар хүртэл нөхнө” гэж Binance мэдэгджээ.
Эргэн сануулахад, Хойд Солонгостой холбоотой гэх хакерууд аравдугаар сарын 29-нд Binance-аас 6 тэрбум гаруй ам.долларын дижитал хөрөнгө хулгайлсан юм.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хулгайг Хойд Солонгосын TraderTraitor хакерын бүлэгт холбогдуулж, хулгайлсан хөрөнгийг төвлөрсөн бус санхүүгийн платформ, криптовалютын солилцооны үйлчилгээгээр угаах эрсдэлтэйг анхааруулав.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон энэ сарын эхээр Холбооны мөрдөх товчооны дүгнэлтийг няцааж, Пхеньяны эсрэг “улс төрийн ноцтой өдөөн хатгалга” гэж нэрлэжээ.
Хойд Солонгос зэвсгийн хөтөлбөрөө санхүүжүүлэхийн тулд кибер гэмт хэрэг ашиглаж байгаад АНУ-ын Төрийн департамент дахин санаа зовж буйгаа илэрхийлж, үүнийг дэлхийн хэмжээний асуудал гэж тодорхойлжээ.



