Brent маркийн нефтийн үнэ баррель нь 95.52 ам.доллар болж буурлаа
Ирантай хэлэлцээр хийх шаардлагагүй гэж Трамп мэдэгдсэний дараа өмнөх өдөр нефтийн үнэ мэдэгдэхүйц өссөн байв.

Нефтийн үнэ өмнөх арилжаанд мэдэгдэхүйц өссөний дараа Баасан гарагийн өглөө бага зэрэг буурч байна.
Лондонгийн ICE Futures биржид Brent маркийн нефтийн нэгдүгээр сарын фьючерс Москвагийн цагаар 8:12-ын байдлаар баррель нь 95.52 ам.доллараар арилжаалагдаж байна. Энэ нь өмнөх арилжааны хаалтаас 0.3 ам.доллар буюу 0.31 хувиар бага юм.
Пүрэв гарагт уг фьючерсийн үнэ 3.06 ам.доллар буюу 3.3 хувиар өсөж, 95.82 ам.долларт хүрсэн.
Нью-Йоркийн түүхий эдийн биржийн (NYMEX) цахим арилжаанд WTI маркийн нефтийн арванхоёрдугаар сарын фьючерсийн үнэ 0.51 ам.доллар буюу 0.57 хувиар буурч, 88.23 ам.доллар болжээ. Өмнөх арилжаагаар үнэ нь 2.21 ам.доллар буюу 2.6 хувиар өсөж, 88.74 ам.долларт хүрсэн байна.
Вашингтонд Ирантай хэлэлцээр байгуулах шаардлагагүй болсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пүрэв гарагт мэдэгдсэн нь нефтийн үнийг өсгөжээ.
“Бидэнд Ирантай хэлэлцээр хэрэггүй. Тэр өдрүүд аль эрт өнгөрсөн” гэж Трамп Truth Social сүлжээнд бичжээ. АНУ “тэдний мөнгийг авсан”, Хормузын хоолойг ч хяналтдаа байлгаж байна гэж тэрбээр нэмж дурдсан байна.
Гэвч хоолой усан тээвэрт аюултай хэвээр байна. Пүрэв гарагт шилжих шөнө 4 сая баррель нефть ачсан хоёр супертанкер Тегераны зөвшөөрөөгүй чиглэлээр хоолойг гатлахыг оролдох үед дэлбэрэлт болсныг Ираны Исламын хувьсгалт харуулын корпус мэдэгджээ.
Мөн Йемений хуситууд Саудын Арабын эрчим хүчний дэд бүтэц рүү хоёр удаа халдсанаа мэдээлэв. Эхний халдлагад нисгэгчгүй онгоцоор “Зүүн-Баруун” дамжуулах хоолойн шахуургын станцыг, хоёр дахь халдлагаар Янбу дахь нефтийн байгууламжийг онилсныг хуситуудын цэргийн хэвлэлийн төлөөлөгч Яхья Сари X сүлжээнд мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Эрчим хүчний яамны Эрчим хүчний мэдээллийн газрын (EIA) долоо хоног тутмын тайлангаар тус улсын нефть, нефтийн бүтээгдэхүүний арилжааны нөөц өмнөх долоо хоногт мэдэгдэхүйц нэмэгджээ.
АНУ-ын нефтийн нөөц 4.657 сая баррелиар нэмэгдсэн нь наймдугаар сараас хойших хамгийн огцом өсөлт болов. Trading Economics-ийн судалгаанд оролцсон шинжээчид нөөц дунджаар 1.1 сая баррелиар буурна гэж таамаглаж байсан.
Бензиний нөөц 1.799 сая баррелиар, дистиллятын нөөц 4.071 сая баррелиар өсөв. Шинжээчид бензиний нөөц 0.1 сая, дистиллятынх 1 сая баррелиар буурна гэж таамаглаж байжээ.



