Дэлхий

Буркина-Фасо цөллөгт буй сэтгүүлчид зэрэг 20 орчим хүнийг баривчлах тушаал гаргалаа

Буркина-Фасогийн эрх баригчид France 24 зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагыг ч анхааралдаа авч шалгаж байна.

Africanews2 мин унших

Зураг: Africanews

Буркина-Фасо Баасан гарагт цөллөгт буй сэтгүүлч, идэвхтэн, сайд асан, цэргийн офицер асан зэрэг 20 орчим хүнийг баривчлах тушаал гаргаж, тэднийг шилжүүлэн өгөхийг хүсчээ.

Тэднийг террорист ажиллагаанд хамсаатнаар оролцох, түүнийг санхүүжүүлэх, “терроризмыг магтан алдаршуулах” зэрэг терроризмтой холбоотой хэд хэдэн гэмт хэрэгт буруутгаж байна. Мөн гүтгэлэг, Үндэсний зэвсэгт хүчний сэтгэл санааг унагах, төрийн эрх мэдлийг үл хүндэтгэх зэрэг үйлдлийг тушаалд дурдсан гэнэ.

Баривчлах тушаалд нэр нь орсон хүмүүсийн дунд Radio France International-ийн сэтгүүлч Ньютон Ахмед Барри, Гадаад хэргийн сайд асан Жибриль Бассоле зэрэг олонд танигдсан хүмүүс бий.

Кот д’Ивуарын нөлөөлөгч Камиль Макоссод баривчлах тушаал гаргаагүй ч түүнийг мөн онилжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээнд дөрвөн сая орчим дагагчтай, Сахелийн бүс нутгийн цэргийн хунтуудыг хурц шүүмжилдгээрээ алдартай. Буркина-Фасо түүнийг “оршин суугаа улсад нь” хуулийн хариуцлагад татахыг хүсчээ. Кот д’Ивуар энэ хүсэлтийг “олон улсын шүүхийн хамтын ажиллагааны нэрийн өмнөөс” хүлээж авна гэж найдаж байгаагаа ч илэрхийлжээ.

Шилжүүлэн өгөхийг хүссэн 14, энгийн долоон баривчлах тушаал гаргасныг Уагадугу хотын давж заалдах шатны шүүхийн ерөнхий прокурор Дезире Савадого мэдэгдэв.

Эрх баригчид France 24 зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага, тэдгээрийн зарим тоймчийг ч анхааралдаа авч шалгаж байна. Прокурорын газрын мэдээлснээр, терроризмтой тэмцэх тусгай шүүхийн хэлтэс 45 гаруй хүн болон хуулийн этгээдэд холбогдох зургаа гаруй хэргийг шалгаж байна. Мөн “терроризмыг магтан алдаршуулдаг” хуудсуудын админуудыг тогтоож, хариуцлагад татахад хамтран ажиллахыг прокурорын газар Meta компаниас хүсчээ.

2022 оны есдүгээр сард засгийн эрхийг булаан авсан Буркина-Фасогийн цэргийн удирдлага аливаа шүүмжлэлийг хатуу дарсаар ирсэн юм.

Бусад мэдээ