Улс төр

Дани «турбо тахиа»-г хориглохыг зорьж байна

Хурдан өсдөг тахиаг хориглосон дэлхийн анхны улс Дани болж магадгүй.

Politico EuropeAgnes Rønberg1 мин унших

Зураг: Politico Europe

Данийн засгийн газар «турбо тахиа» хэмээн нэрлэгддэг хурдан өсдөг үүлдрийг хориглохыг зорьж байгаа нь амьтны сайн сайхны асуудлаар хөдөө аж ахуйн салбартай дахин зөрчилдөөн үүсгэх төлөвтэй байна. Энэ тухай Политико Юроп мэдээлэв.

«Турбо тахианы сайн сайхан байдлын асуудал өргөн тархсаныг бид харж байна. Тэд бие нь даахгүй хэтэрхий хурдан өсдөг» гэж Данийн Амьтны сайн сайхны асуудал эрхэлсэн сайд Кристиан Раббьерг Мадсен энэ долоо хоногт телевизэд ярьжээ.

Мадсен Росс 308 үүлдрийн хурдан өсдөг тахиаг үндэсний болон Европын холбооны түвшинд хориглохыг хүсч байна. Түүний мэдэгдэл тахианы фермд нууцаар авсан бичлэг бүхий баримтат кино гарснаас нэг өдрийн дараа гарсан бөгөөд бичлэгт тахиаг хурдан өсгөхийн тулд өдөрт ердөө гурван цаг харанхуйд байлгаж хууль зөрчиж байсныг харуулжээ.

Шувууны аж ахуйд өргөн хэрэглэгддэг энэ үүлдэр ердөө 33 хоногт 2 орчим килограмм жинд хүрдэг ч энэ нь бэртэл, хөдөлгөөний хүндрэлд хүргэж болдог аж.

Тахианы салбарын төлөөлөгчид хориг тавибал хэрэглэгчид гадаадын фермийн мах илүү их худалдан авна гэж анхааруулжээ. Нидерландын засгийн газар есдүгээр сард ижил төстэй үндэсний хэмжээний хоригийг санал болгосон бөгөөд парламент хэлэлцэж байна.

Бусад мэдээ