Канад Европын холбооны суперкомпьютерын сүлжээнд нэгдэх болжээ
Хиймэл оюун ухааны загвар сургахад чухал тооцоолох хүчин чадлын хамтын ажиллагаа нь АНУ-аас хараат байдлыг төдийлөн бууруулахгүй гэж шинжээчид анхааруулжээ.

Европын холбоо, Канад хиймэл оюун ухааны загвар сургахад гол үүрэгтэй тооцоолох хүчин чадлын салбарт хамтран ажиллах бөгөөд Канад ЕХ-ны суперкомпьютерын сүлжээнд нэгдэх юм. Энэ тухай Политико Юроп мэдээлэв.
Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен пүрэв гарагт Канад «одоо энэ сүлжээний нэг хэсэг болно» гэж мэдэгджээ. «Энэ нь Канадын аж үйлдвэр, гарааны компаниуд, судлаачдад Европын суперкомпьютерыг ашиглах боломж олгоно. Канадын хиймэл оюун ухааны тэргүүлэх салбартай хослуулбал өрсөлдөх чадвартай, шинэлэг, аюулгүй хиймэл оюун ухааны систем хөгжүүлэх боломжтой» гэж тэрбээр хэлсэн байна.
ЕХ-ны суперкомпьютерын сүлжээг 8.2 тэрбум еврогийн төсөвтэй төр, хувийн хэвшлийн хамтарсан байгууллага удирддаг. Сүлжээнд 14 суперкомпьютер, хиймэл оюун ухаанд чиглэсэн 19 үйлдвэр, 10 квант компьютер багтдаг бөгөөд ирэх жил нийт 30 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтаар хиймэл оюун ухааны долоон томоохон дата төв барих юм.
«Тооцоолох хүчин чадлын хамтын ажиллагаа бол хиймэл оюун ухааны салбарт „дунд гүрнүүд“-ийн богино хугацаанд хэрэгжүүлж болох хамгийн илэрхий хамтын ажиллагааны нэг» гэж Карнегийн олон улсын энх тайвны сангийн судлаач Антон Лайхт хэлжээ. Гэвч тэрбээр энэ нь одоогоор АНУ-аас хамааралтай байдлыг бууруулахгүй гэж анхааруулсан байна.
Өнөөг хүртэл ЕХ-ны суперкомпьютерын сүлжээнд 38 улс оролцсоны 27 нь ЕХ-ны гишүүн орон, бусад нь Норвеги, Швейцарь, Их Британи, Израиль, Турк зэрэг гишүүн бус орон юм.



